Японы төрөлт 30 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрлээ
Хөгширөлт хурдацтай явагдаж байгаа Япон улсад тулгамдаж байгаа нэг томоохон асуудал бол эмэгтэйчүүдийн төрөлт эрс буураад байгаа явдал юм. Тус улсын эмэгтэйчүүдийн төрөлтийн үзүүлэлт өнгөрсөн 30 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд очоод байна. Статистик мэдээллээс харахад 1970 оноос эхлэн Японд төрөлтийн үзүүлэлт унаж эхэлжээ.
Энэ жилийн эхний долоон сарын статистик үзүүлэлтээр Японы төрөлтийн түвшин 5.9 хувиар унаад байна. Өнгөрсөн жилийн мөн үеийн төрөлтийн түвшин 2 хувийн уналттай байсан бол энэ жил ийнхүү дахин буурчээ. 2019 онд Японд мэндлэх хүүхдийн тоо 900 мянгад хүрэхгүй гэсэн урьдчилсан судалгаа гараад байна.
Ингэснээр Японы төрөлтийн түвшин 4 жилийн турш тасралтгүй унахад хүрч байгаа юм. Япон улсын хэмжээнд 1-р сараас 7-р сарын хооронд 500 мянга гаруй эмэгтэйчүүд амаржсан байгаа юм. 2018 онд тус улсад шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 918 367 байсан бол энэ жил үүнээс бага байхаар байна. Японы төрөлтийн түвшин судлаачдын төсөөлж байснаас хавьгүй хурдацтай буурч байгаа нь тодорхой болоод байна. Статистик мэдээллээс харахад 1970 оноос эхлэн Япон төрөлт буурч эхэлсэн байдаг бол 2005 онд энэ үзүүлэлт хамгийн бага буюу 1.26-д хүрч байжээ. 2018 онд төрөлтийн түвшин 1.42 хувьтай байсан бол энэ жил үнээс бага байхаар байна.
Японы улс хүн амын тогтвортой өсөлтийг хангахын тулд төрөлтийн түвшинг 2.1-т барих ёстой болоод байгаа юм. Ийнхүү тус улсад эмэгтэйчүүд жирэмслэх тохиолдол улам буурч байгаагийн нэг шалтгаан нь ажлын нөхцөлтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Ихэнх эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээс илүүтэй ажиллахыг чухалчилж, 1970 онд эмэгтэйчүүдийн анхны төрөлтийн дундаж нас 25 байсан одоо 30 нас болон нэмэгдээд байгаа юм.
Охид, бүсгүйчүүдийн жирэмслэлт эрс цөөрч байгаатай зэрэгцэн Японы хүн амын хөгширөлт хурдацтай явагдаж байгаа юм. Супер хөгширөлттэй орон гэгддэг Японы хүн амын 28 хувь нь 65 наснаас дээш хүмүүс байна. 2018 оны байдлаар Японы хүн амын тоо 126 сая байсан бол 2065 он гэхэд 88 сая болон буурна гэсэн урьдчилсан тоо гарчээ.