Өмнөд Африк метроны үйлчилгээгээ сайжруулахын тулд 600 галт тэрэг үйлдвэрлэнэ
Өмнөд Африкийн метроны үйлчилгээ хоцрогдсон гэх шүүмжлэлд байнга өртөж ирсэн байна. Харин тус улсын засгийн газраас 600 орчин үеийн галт тэргийг үйлдвэрлэж, метроны үйлчилгээг эрс шинэчлэхээр төлөвлөөд байна. Энэ төслийг хэрэгжүүлэх тендерт Франц-Өмнөд Африкийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани болох Гибела ялалт байгуулаад байгаа юм.
Өмнөд Африкийн метронууд цуцлагдсан, хойшлогдсон гэх мэдэгдлээр үйлчлүүлэгчдийнхээ бухимдлыг төрүүлэх нь түгээмэл болоод байгаа юм. Энэ нь тус улсын метроны систем хэт хуучирсантай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Үүнээс ч үүдэн метроны үйлчилгээнд явдаг галт тэрэгнүүдийг шинэчлэх томоохон төсөл эхлээд байна. Хуучирч, хоцрогдсон галт тэрэгнүүдийг шинэчлэх тендерт Францын -Өмнөд Африкийн хамтарсан Гибела гэх компани ялалт байгуулж, 3.3 тэрбум америк долларын өртөг бүхий төслийг хэрэгжүүлэхээр болоод байна. Тус компани 10 жилийн дотор зорчигч тээврийн 600 галт тэргийг үйлдвэрлэх ёстой болоод байгаа юм.
Гибела компани нь Йоханнесбург хотын ойролцоо 78 га газрыг хамарсан томоохон үйлдвэртэй. Энэ үйлдвэрт хамгийн хурдандаа жилд 60 галт тэрэг үйлдвэрлэх боломжтой. Гибела компанийн ерөнхий захирал Нектор Даниса Өмнөд Африкийн зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ хүн амын өсөлт, өөрчлөлтийг гүйцэхгүй байгааг хэлж, галт тэрэгнүүд товлосон аяллын маршратуус хоцрох, цуцлагдах нь энгийн үзэгдэл болоод байгааг шүүмжилсэн байна. Гибелагийн 61 хувийг Алстом гэх Францын тээврийн компани эзэмшдэг бол 46 хувь нь Африкийн компаниудын мэдэлд байдаг байна.
Гибела компани галт тэрэг үйлдвэрлэлийн ажилдаа аль болохоор хар арьстнуудыг хөлслөхөө мэдэгдсэн байна. Ер нь Өмнөд Африкийн засгийн газраас төмөр замын дэд бүтцийг сайжруулахад багагүй хөрөнгө оруулалтыг гаргахаар төлөвлөөд байгаа юм. Тодруулбал, тус улс 2027 оныг хүртэлх хугацаанд төмөр замын хөгжилд 60 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.