Олон улсын мэтгэлцээний Валдай клубийн 16 дугаар хуралдаан Пүрэв гарагт өндөрлөлөө. Баасан гарагт болсонтус клубийн нэгдсэн хуралдаанд ОХУ, Казахстан, Азербайжан, Филиппиний төрийн тэргүүнээс гадна Иорданы хаан 2 дугаар Абдалла нар оролцсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус хуралдаан дээр хэлсэн үгэндээ Орос-Хятадын харилцаа хамтын ажиллагаа, Сирийн хямралыг зохицуулах үйл явц, Европын цэргийн эвсэл байгуулах асуудлаарх байр сууриа илэрхийлснийг нь хэвлэлүүд онцолж байна.
Тодруулбал, Ерөнхийлөгч Путин ОХУ, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өөр нэг улсын эсрэг чиглэгдээгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Мөн 2 улс бие биенийхээ ашиг сонирхлын төлөө л нааштайгаар хамтран ажиллаж ирснийг тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн Хятад улсыг тогтоон барих оролдлого хийх боломжгүйн дээр хор уршигтайг анхааруулж байлаа. Найрсгаар хамтран ажиллаж, бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөхүйц аюулгүй байдлын системийг эрэлхийлэхэд хүчээ нэгтгэхэд л дэлхийн улс орнууд хүчин чармайлт гаргах ёстойг анхааруулж байлаа. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Путин АНУ бага дунд тусгалын пуужингийн тухай гэрээнээс гарах болсон үндсэн шалтгаан нь Москва гэрээний заалтыг зөрчсөнтэй холбоогүй. Үнэн хэрэгтээ Азид энэ төрлийн зэвсгээ байрлуулах гэсэнтэй нь холбоотой гэж баталж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн АНУ-ын ийм алхамд яг ижил хариу барих болно гэдгээ амласан байна.
Мөн Сирид өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа дууссаныг тэрээр дахин зарласан. Харин Сирид зэвсэгт мөргөлдөөнийг бүрэн эцэс болгоход улс төрийн зохицуулалтад хүрэх шаардлага тулгарч байгааг онцолсон юм. Харин Оросын төрийн тэргүүн Донбассын хямрал мөргөлдөөнийг зохицуулах чиглэлээр гаргаж байгаа Украины Ерөнхийлөгч Зеленскийн хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.