Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа
“Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.
Тэгвэл өчигдөр /2019.1012/ Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал тэргүүтэй хотын удирдлагууд болон Нийслэлийн Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар хамтран Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс дэх 100 га талбайн ойжуулалтын ажлыг хийлээ.
2018 оноос эхлэн нийслэлийн есөн дүүрэгт хортонд идэгдсэн, түймэрт өртсөн, мод тарих боломжтой 1884 га талбайн байршлыг урьдчилан төлөвлөж, өөрсдийн хөрөнгөөр дээрх газруудад мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулах замаар таримал ойг улсын санд хүлээн авах шинэ менежментийг хэрэгжүүлж байгаа тул дээрх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой иргэд, байгууллагууд Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэст хандахыг хүсье.