Австралийн Мельбурн хотын оршин суугчид худалдан авсан жимснээс нь зүү илэрсэн хэмээн гомдол мэдүүлсэнтэй холбоотойгоор тус улсын цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байна. Түүнчлэн ийм хэрэг дахин бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдэд хандаж жимс жимсгэнэ хэрэглэхдээ сэрэмж болгоомжтой байхыг анхааруулсан байна.
Үүний зэрэгцээ жимснээс оёдлын зүү илэрсэн энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл байвал цагдаа нарт шуурхай хандахыг уриалжээ. Ийм хэрэг санаатайгаар үйлдсэн этгээдэд 10 хүртэлх жилийн хорих ял оноохоо ч цагдаагийн байгууллага сануулсан байна.
Цагдаад гомдол гаргасан Мельбурний оршин суугч олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсандаа усан үзэмнээс нэг бус зүү илрүүлснээ бичиж зургийг нь аван нийтэлсэн байлаа. өнгөрсөн оны 9 дүгээр сард Австралийн цагдаа нар гүзээлзгэнээс оёдлын зүү олноор илэрсэн тохиолдлууд гарсныг мөрдөн шалгаж байсан билээ. Тэр үед мөн гадил, алим, лийр гээд бусад төрлийн жимснээс ч оёдлын олон зүү илэрсэн тохиолдлууд ч гарч байсан юм.