Ду Вон Чан, эхнэр Жин Сүкийн хамт 1981 онд АНУ-д хөл тавьжээ. Удирдагч Пак Чун Хи алагдаж, Өмнөд Солонгос цэргийн дэглэмээ дөнгөж цуцлаад байх үед тэд эх орноо орхиж, эрх чөлөөний орныг зорин ирсэн нь энэ.
“Тэр үед Солонгост амьдрал сайнгүй байсан. Ажил хийж амжилтад хүрэх боломж ч бага байлаа. Тэгээд л бид хоёр Америкт ирсэн” гэж Ду Вон тэр үеэ дурсч байна.
Өдгөө 57 настай Ду Вон, 60 настай Жин Сүкийн гэр бүлийн бизнес 48 оронд 790 дэлгүүртэй, 43 мянган ажилтантай, жилдээ 4,4 тэрбум ам.долларын борлуулалттай маш том компани болон өргөжжээ. Энэ бол тэдний үүсгэн байгуулсан “Forever 21” брэндийн амжилт юм.
25 жилийн өмнө цагийн ажил хийж амьдралаа залгуулахаар Америкт ирж байсан энэ гэр бүл өдгөө Америкийн хамгийн баян 400 гэр бүлийн 222-д бичигдэх болжээ. Тэдний нийт хөрөнгө гурван тэрбумаар үнэлэгдэж байгаа нь цагаач гэр бүлийн хувьд үнэхээр гялалзсан том амжилт юм.
Гэхдээ энэ амжилтад хүрэхийн тулд тэдний гэр бүл хоногийн 24 цагийн 19-д нь ажилладаг байжээ. Лос Анжелест ирэхийн өмнө Хавайд хагас өдөр саатаж, гэр бүлээрээ ногоон карт аваад АНУ-д хөл тавьсан Ду Вон бямба гарагт АНУ-д ирмэгцээ сониноос ажлын зар хайж эхэлжээ. Ингээд даваа гараг гэхэд кофе шопын гал тогоонд тогооч, угаагчаар ажиллаж эхэлсэн байна. Гэвч цагийн гурван долларын хөлстэй ажил түүнд хангалтгүй байсан тул өдөр бүр найман цагаар шатахуун түгээх станцад ажилладаг байжээ. Гэр бүлийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд хувиараа оффис цэвэрлэдэг жижиг бизнес ч эхлүүлсэн байна. Ингээд үүрийн таван жингээс шөнө дунд хүртэл гэрийн эзэн ажиллаж байхад эхнэр Жин Сүк нь мэргэжлийнхээ дагуу үсчнээр ажиллаж байжээ.
Цахилгаан түгээх станцад ажиллаж байхдаа Ду Вон бэлэн хувцасны бизнес хийдэг залуус гоё машин унадаг болохыг анзаарчээ. Ингээд тэднээс ажил төрлийг нь сураглаж, яаж мөнгө олдог талаар асуужээ. Эндээс хувцас үйлдвэрлэлийн салбарыг сонирхож эхэлсэн тэрээр удалгүй бэлэн хувцасны дэлгүүрт ажилд орсон байна. Тэрээр ажлаа яг л хувийн бизнес мэт бодож хичээнгүй ажилласнаараа эзнийхээ итгэлийг ч олж чаджээ. Ийм маягаар гурван жил өдөр шөнөгүй ажиллахад тэдний гэр бүл 11 мянган доллар хуримтлуулсан байлаа. Энэ мөнгөөрөө “Forever 21”-ийн үндэс суурийг 1984 онд тавьжээ.
Тэд Лос Анжелесын бэлэн хувцасны үйлдвэр төвлөрсөн дүүрэгт “Fashion 21” нэртэй анхны дэлгүүрээ байгуулжээ. Уг дэлгүүрийг өмнө нь ажиллуулж байсан хүн жилдээ дөнгөн данган 30 мянган долларын орлоготой ажилладаг байсан бол Ду Вон эхний жилдээ л 700 мянган долларын борлуулалт хийжээ. Үйлдвэрлэгчдээс нь шууд бараагаа авч, агуулахын буюу маш хямдралтай үнээр худалдаалснаар тэр ийм амжилтад хүрчээ. Бизнесийн гараа нь сайн байсан учраас тэд бизнесээ тун богино хугацаанд өргөжүүлж, зургаан сар тутамд шинэ дэлгүүр нээж байжээ.
Тэрээр энэ бүхэнд хөдөлмөрийн хүчээр хүрсэн ч ийм боломж олгосон Америкт зүрхний угаас талархаж явдгаа хэлдэг. “Юу ч үгүй ирсэн надад ийм сайхан боломж олдсонд би Америк оронд чин сэтгэлээсээ талархаж явдаг. Тиймдээ ч хариуг нь барихсан гэж хичээдэг”.
2008 онд Америк даяар эдийн засгийн хямрал болж, компаниуд хаалгаа барьж, олон зуун мянган хүн ажилгүй болж байхад байхад бэлэн мөнгө сайтай “Forever 21” салбар дэлгүүрийнхээ тоог нэмсээр жилийн дотор 7000 ажлын байр гаргасан байна. Тэр жилүүдэд Ду Вон борлуулалтаа нэмэгдүүлэхийн хажуугаар ажлын байр нэмэхийг гол зорилгоо болгожээ. Энэ бол түүнд боломж атгуулсан Америк оронд тусалж буй хэрэг гэж тэр үзэж байсан юм.
Хямралын жилүүдэд ч өсч дэвжиж байсан тэдний бизнес сүүлийн жилүүдэд бага зэрэг саарсан яваа ч Ду Вон сэтгэл өөдрөг хэвээр байна. Онлайн худалдаа хүч түрж буй нь түүний бизнесийн хувьд шинэ сорилт болж, зарим том дэлгүүрийнхээ хэмжээг багасгаж, зарим салбараа хааж байгаа аж. Гэвч онлайн худалдаанд зайгаа тавьж өгөхгүйн тулд өөрсдөө ч энэ талбарт хүчээ үзэхээр бэлтгэж байгаа гэнэ.
Сүүлийн жилүүдэд Ду Воны гэр бүлийн хөрөнгө бага зэрэг буурч байгаа ч тэр бол Америкт хамгийн өндөр амжилтад хүрсэн цагаачдын нэг гарцаагүй мөн билээ. Түүний хувьд “Америк мөрөөдөл” гэж юу вэ гэсэн асуултад Ду Вон гэр бүлээ онцолжээ. “Миний хувьд гэр бүлийн аз жаргал хамгийн чухал. Хүмүүс Америк мөрөөдөл гэхээр амьдралаа дээшлүүлэх гэж ойлгодог.
Гэвч ажил бизнес чинь сайжирлаа ч ар гэрийн амьдрал тавгүй бол энэ амжилт биш” хэмээн ярьсан тэрээр компаниа гэр бүлийн бизнес хэвээр үлдээжээ. Америкийн хамгийн нэр хүндтэй их сургуулийг төгссөн хоёр охин нь аавынхаа бизнесийг өргөжүүлэхээр өөрийнхөө компанид ажиллаж байна.
Эх сурвалж: Фэйсбүүк