Итали улс парламентын гишүүдийн тоог эрс цөөрүүлснээр 1 тэрбум еврог хэмнэнэ
Италийн парламентын доод болон дээд танхимын гишүүдийн тоог эрс цөөрүүлэх тухай хуулийн төсөл батлагдаад байна. Тус улсын парламентын доод танхимын төлөөлөгчдийн тоог 630 аас 400 болгох бол Сенатчдын тоог 315 аас 200 болгон бууруулахаар болжээ.
Италийн парламентын дээд болон доод танхимд эрс шинэчлэлт явуулах амлалтыг тус улсын Тава Од Хөдөлгөөн улс төрийн намаас амлаад байсан юм. Тэгвэл Италийн хамтарсан засгийн газарт гол хүчин болох Таван Од намынхан амлалтандаа хүрч, тус улсын төлөөлөгчдийн танхим гишүүд 230 суудлаар, Сенатын танхим 115 суудлаар цөөрөхөөр болоод байна.
Энэ өөрчлөлт нь төрийн зардлыг хэмнэхэд ихээхэн тус болно гэж үзэж байгаа юм. Таван од намаас твиттер хуудсандаа бүх улс төрийн намуудын дэмжсэн парламентын гишүүдийг тоог танах хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр Итали улс ирэх 10 жилийн хугацаанд 1 тэрбум еврог хэмнэнэ гэж мэдэгдлээ. Парламентын нэг гишүүнд дунджаар 230 000 евро, сенатын нэг гишүүнд 249 600 еврог зарцуулдаг байна. Энэ шинэчлэлтээр парламентын доод танхимын гишүүдэд зарцуулж байгаа төсөв жилд 52 сая еврогоор багасах бол сенатын гишүүдэд зарцуулдаг мөнгө 28 сая еврогоор танагдах юм.
Хуулийн төсөл дараагийн сонгуулиас хойш буюу 2023 оноос хэрэгжиж эхэлнэ. Харин шүүмжлэгчид парламентын доод болон дээд танхимын гишүүдийн тоог эрс цөөрүүлж байгаа нь ардчиллыг сулруулж, лоббичидын төрийн өндөр албан тушаалтанд нөлөөлөх боломж нэмэгдэж байна гэж шүүмжилж байна.