Мастеруудын дэлхийн аваргад түрүүлсэн Монголын долоо, найм дахь тамирчин болж байна
Чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ аравдугаар сарын 10-13-нд Гүржийн нийслэл Тбилисид боллоо. 22 дахь удаагийн тэмцээнд нийт 41 орны бөхчүүд өрсөлдсөн бөгөөд манай улсаас 27 тамирчин “А” (35-40 нас), “В” (41-45 нас) “С” (46-50 нас) “D” (51-55 нас), “E” (56-60 нас) гэсэн таван насны ангилалд хүч үзсэн юм.
Монгол эх орноо төлөөлөн оролцсон бөхчүүдийн дундаас “Тулгат” клубийн тамирчин, Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны дасгалжуулагч Н.Баатар, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, үндэсний бөхийн улсын заан Д.Бумбаяр нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэд мастеруудын дэлхийн аваргад түрүүлсэн Монголын долоо, найм дахь тамирчин болж байна.
2016 онд мастеруудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан Н.Баатар Тбилисид дөрвөн барилдаан хийхдээ бүх өрсөлдөгчөө цэвэр ялж аваргын тавцанд зогссон бол Д.Бумбаяр Мастерст анх удаа зодоглож Герман, АНУ, Казахстан, Гүржийн бөхчүүдийг илүүрхлээ.
Тбилисээс медаль хүртсэн бөхчүүдийг танилцуулья:
Алтан медаль: Дамирангийн Бумбаяр - “D” ангиллын 130 кг Нямжавын Баатар “С” ангиллын 70 кг
Мөнгөн медаль: Шурагийн Баянмөнх - “В” ангиллын 130 кг
Хүрэл медаль: Буяндэлгэрийн Бат - “E” ангиллын 88 кг Гэндэндоржийн Баатарсүрэн - “D” ангиллын 62 кг Жанчивын Хурц - “В” ангиллын 62 кг Байлдагчийн Баянсан “В” ангиллын 78 кг Доржготовын Ганбат - “В” ангиллын 88 кг Цэрэнбаатарын Ганзориг - “А” ангиллын 78 кг