Египетийн археологичид 2200 жилийн настай эртний бунханг олж илрүүлээд байна. Энэхүү бунханг Египетийн хаан 4-р Птолемейд зориулан бүтээсэн гэж үзэж байгаа юм.
Энэ эртний үнэт олдворыг хамгийн анх барилгын ажилчид санамсаргүй байдлаар олж ирүүлсэн юм. Барилгын бүтээн босголтын ажилтай холбоотойгоор муу усны шуудуу ухаж байх үедээ эртний буханыг ажилчид олж мэдсэн байна. Египетийн Сохаг гэх хотын хойд хэсэгт орших Ком Шакау тосгоноос олдсон энэ олдворын газарт мэргэжлийн археологичид өргөтгөсөн малтлага явуулж, 4-р Птолемей хааны нэр, бичээс бүхий чулуун хавтанг мөн илрүүлжээ.
Үүнээс гадна археологичид сүмийн дөрвөн талын ханыг малтан гаргаад байгаа юм. Хапи гэх үер уснаас хамгаалах бурхан, түүнийг тойрсон шувуу, цэцгийг харуулсан дүрсийг хананы зарим хэсэгт сийлсэн байжээ. Нил мөрний баруун эрэгт байрлах энэ эртний буханыг судлах, хамгаалалтад авах ажил үргэлжилж байна. 4-р Птолемей хаан Египетийг МЭӨ 204-ээс 221 оны хооронд удирдаж байсан гэх судалгаа бий. Цэнгэл наргиа болон урлагт тун дуртай 4-р Птолемей хааны засаглал тийм ч амжилттай байгаагүй гэж судлаачид үздэг аж.
Түүхэн эх сурвалжид түүнийг дэлхийн хамгийн том сэлүүрт усан онгоцыг бүтээж байсан тухай мэдээлэл байдаг. Энэ аварга усан онгоц 4000 сэлүүрчинтэй байсан гэдэг. Ер нь 2019 онд Египетийн археологичид хэд хэдэн түүхэн олдворыг илрүүлээд байгаагийн хамгийн сүүлийнх нь 4-р Птолемей хаан зориулсан бунхан болж байна. 2011 оны хувьсгалаас хойш Египет улс аялал жуулчлалын салбараа сэргээхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа юм. Сонирхуулахад, Египет дэлхийн хамгийн том музейг 2020 онд нээхээр ажиллаж байна.