Тайландын шүүгч шүүх ажиллагаа явагдаж байх үеэр өөрийгөө буудаж, амиа хорлох гэсэн оролдлого гараад байна. Шүүгч Тайландын шүүхийн шударга бус системийг эсэргүүцэж, ийм үйлдэл гаргахад хүрсэн гэх мэдээлэл байгаа юм.
Канакорн Пианчана гэх шүүгч исламын шашинт таван этгээдийн үйлдсэн байж болохуйц хүн амины хэрэгтэй холбоотой хэргийг шүүж байх үедээ амиа хорлож гэж завджээ. Тэрээр шүүхийн тангарагыг уншсаны дараагаар гар буу гарган ирж, өөрийнхөө эрүүн тус газар буудсан байна. Энэ үйлдлийнхээ улмаас Тайландын шүүгч хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байгаа юм. Канакорн Пианчана шүүгч ямар учраас ийнхүү амь насаа хорлох гэж оролдсон нь бүрэн тодорхойлогдоогүй байгаа ч түүний шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон холбоотой гэж үзэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, тэрээр баримт нотолгоо хангалтгүй байх үед шүүгдэж байсан таван хүнийг шууд буруутган яллах нь шударга бус гэдгийг хэлжээ. Дээрх таван этгээдийг буруутай гэсэн шийдвэр гарга гэж Канакорн Пианчанад шахалт үзүүлсэн байж болзошгүй байгаа юм. Тэрээр өөрийгөө буудахаас өмнө хэлсэн үгэндээ хэн нэгнийг шийтгэж гэж байгаа бол буруутай гэдгийг баримтаар нотлох ёстой. Баримт нотолгоо байхгүй бол хэнийг ч битгий буруутга гэж хэлсэн байна. Энэ шүүх ажиллагааг фэйсбүүкээр шууд дамжуулж байжээ.
Тайланд улсад шүүгчид шүүхийн системийг шүүмжлэх нь тун ховор байдаг хэдий ч энэ удаад шүүхтэй холбоотой олон нийтийн анхаарлыг татсан үйл явдал болоод байна.