Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр
Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Мод тарих үндэсний өдөр зарлах тухай 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 12, 13-нд тэмдэглэх шийдвэр гарсан билээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, цэнэг усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.
Өнөөдөр Нийслэлийн Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар хамтран Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс дэх 100 га талбайн ойжуулалтын ажлыг болон Дээндийн амны ойн цэвэрлэгээний ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн НБОГ-аас “Нандин найзууд” ТББ-тай хамтран Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Их Баян дахь ойн сан бүхий газарт цэвэрлэгээний ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Намрын мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2019” үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвөөс Барилгачдын талбайд энэ сарын 18-ныг дуустал зохион байгуулах аж.