Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна
Ази тивийн элгэнд орших бидний эх орон байгалийн гайхамшигт газруудаар дүүрэн билээ. Эдгээрийн нэг нь Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай сав нутаг юм. Иймээс Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна.
Сэлэнгэ мөрөн, Орхон гол нь манай орны өндөр уулын бүслүүрт нутгийн гол хоёр төлөөлөл болох Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунаас эх авсан байгалийн нэг гайхамшиг бол түүний усны нөөц мөн. Энд Дархадын, Хөвсгөлийн гэсэн хоёр хотгор бий. Хөвсгөлийн хотгорт манай улсын усны нөөцийн 67.62 хувийг, дэлхийн цэнгэг усны нөөцийн нэг хувийг агуулсан Хөвсгөл нуур (нутгийнхан “Далай ээж” гэдэг) байдаг. Нуурын усны эзлэхүүн 383.3 км3, толин гадаргын талбай 2760 км2.
Хангайн нуруунаас Идэр, Тэрх, Чулуут, Урд Тамир, Хойд Тамир, Орхон, Бүгсэй зэрэг Хойт Мөсөн далайд усаа юүлдэг голууд; Байдраг, Таац, Онги, Ар Агуйт, Тэс зэрэг Төв Азийн гадагш урсгалгүй ай савд усаа шингээдэг голууд эх авдаг.
Хөвсгөлийн уулсаас Шарга, Шишхэд, Дэлгэрмөрөн, Үүр, Арсай, Эг гол эх авна. Хөвсгөл далайгаас эх авсан Эг гол Сэлэнгэ мөрөнд цутгадаг.
Монгол орны гол, мөрний усны нөөцийн дийлэнх хувь нь Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсад бүрэлдэж хилийн чанд руу урсаж гардаг. Уур амьсгал нь чийглэг, хүйтэн зунтай, хахир өвөлтэй, агаарын жилийн дундаж хэм хасах 40С-аас бага. Олон жилийн дундаж хур тунадасны хэмжээ 400 мм орчим. Харин ууршилт тун бага, жилд 100 мм, түүнээс ялимгүй их.
Иймээс газар доорх усны тэжээмж элбэг, түүний байгалийн баялаг 25-50 мм/жил. Энэ бүс нутаг бол эрүүл мэндийн ашигт малтмал-азотот халуун рашааны өлгий нутаг. Энд Булнай, Цагаан сум, Цэнхэр, Уртраг, Таац, Салбарт, Тээл, Эмт, Шарга, Гятруун гэх мэт халуун рашааны олон арван илрэл-булаг; Шаргалжуут, Хужирт, Хульж, Отгонтэнгэр, Шивэрт, Зарт зэрэг ордууд бий.
Дээр дурьдсан усны нөөц баялаг, уур амьсгалын үзүүлэлтүүд нь Хөвсгөлийн уулс, Хангайн нуруу манай орны усны нөөцийг агуулагч, бүрдүүлэгч бүс нутаг болохыг нотолдог. Энэхүү цэнгэг усны ай савын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь манай улсын үүрэг байх ёстой юм.
Байгаль нуурын тэжээмжийн 60 хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ мөрний урд Эрдэнэт хот, Эрдэнэтийн уурхай байдаг. Эрдэнэтийн урдуур түүхэнд алдар суу нь тэмдэглэгдэн үлдсэн домогт Орхон гол урсдаг билээ.
Эрдэнэт хот, Эрдэнэтийн уул уурхайн цогцолбор нь Сэлэнгэ мөрний баруун гар талын томоохон цутгал Орхоны цутгал-Хангал голын сав газрын эхэнд оршдог. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр 40 гаруй жил ажиллан улс орны хөгжилд их хувь нэмэр оруулж байгааг хүн бүхэн мэднэ. Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр түүний хаягдлын сангаас дэгддэг цагаан тоосны тархалт Орхон голд хүрч байгааг, Хангал голын сав газар дахь геологи орчны 44.48 хувь нь ямар нэг хэмжээгээр эвдрэл, бохирдолд орсныг судлаачид тус тус тогтоосон. Уулын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангаас шүүрсэн усны нөлөөгөөр Хангал голын усны найрлага 1975 оны үед гидрокарбонатын ангийн кальцийн бүлгийн нэгдүгээр төрлийн цэнгэг ус байсан бол 2003 оны судалгаагаар сульфатын ангийн кальцийн заримдаа натрийн бүлгийн хоёрдугаар төрлийн харьцангуй өндөр эрдэсжилттэй болжээ. Мөн Орхон голын усны эрдэсжилт 349.1 г/л байснаа 540.54 г/л, ерөнхий хатуулаг нь 3.18 мг-экв/л-ээс 5.47 мг-экв/л болон өөрчлөгджээ. Голуудын усны химийн найрлагын өөрчлөлт усны экосистемд тодорхой нөлөө үзүүлэх болно. Эрдэнэтийн ил уурхай, хаягдал, балансын бус хүдрийн овоолгоос шүүрэн гарч буй “ногоон усыг” (хүчиллэг ус) цаг алдалгүй шийдвэрлэх тулгамдсан асуудал болж байна.
Усны нөөц баялаг хамгийн идэвхтэй, хөдөлгөөнтэй учир түүнийг бохирдуулах, нөөцийг хомсдуулах нь байгалийн экосистемд хүчтэй өөрчлөлт үзүүлнэ. Иймээс манай орны усны нөөцийг бүрдүүлэгч Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунаас эх авсан Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савд цаашид уул уурхайн цогцолбор байгуулахыг шинжлэх ухааны үндэслэлтэй хязгаарлах нь зүйтэй юм.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1.6-р зүйлд “Хангай, Хэнтийн нурууны эх, Хөвсгөл нуур орчмын газрыг Үндэсний парк байгуулах замаар улсын нөөцөд авч, уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан бий.
Хөвсгөлийн уулс, Хангайн нуруу, эдгээрээс эх авсан Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савын байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах нь ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх их боломж байгааг харуулна. Тухайн бүс нутагт ян халил сарьдаг бүхий өвөрмөц тогтоцтой өндөр уулс, эртний мөстлөгийн гаралтай сийлээ хунх, хажуугийн болон эцсийн морены толгод, голуудын нарийхан хавцал-хөндийнүүд, сибирь шинэс голлосон тайга, нэн шигүү ой байх агаад Монголын улаан номд бүртгэгдсэн ховор, нэн ховор амьтад олон төрлөөрөө сүрэглэн нутагладаг. Жишээлбэл: Буган цаа, Шивэр хандгай, Голын халиу, Шарнад цайвар, Цоохор ирвэс, Дагуурын зараа, Алтай чандуулин, Аргаль хонь, Баданга хүдэр, Янгир ямаа зэрэг хөхтөн, Борцгор хотон, Цасч тэглэй, Хар өрөвтас, Гангар хун, Алтайн хойлог, Цэн тогоруу, Цагаан тогоруу Хар тогоруу, Хожин тоодог, Өгөөлэй шулганаа, Бургасны уран шувуу зэрэг жигүүртэн, Шивэр гүлмэр, модны мэлхий, Ногоон бах зэрэг хоёр нутагтан, мөлхөгчид, Тул, Шивэр хилэм, Омоль, Шивэр жарас загас зэргийг дурьдаж болно.
Энэ нутгийн тайга, ой, ургамал, амьтны олон янзыг нөхцөлдүүлж амин холбоотой байдаг байгалийн нэг хүчин зүйл нь бүрэлдэж, хадгалагдан оршиж байгаа олон жилийн цэвдэг чулуулаг юм. Олон жилийн цэвдэг чулуулгийн зузаан 20-500 м, хэм нь -50С-аас +10С-ийн хооронд хэлбэлзэнэ. Эндхийн экосистем өвөрмөц, их эмзэг. Монгол орны жилийн дундаж агаарын хэм сүүлийн 70 гаруй жилд 2.20С-аар дулаарсан нь олон жилийн цэвдэг чулуулгийн алдралтыг эрс түргэсгэн улмаар ойн бүтэц, усны нөөц бүрэлдэх байгалийн зүй тогтолд сөргөөр нөлөөлөх болсон.
Уул уурхайн үйлдвэрийн том төв Эрдэнэт, аж үйлдвэрийн төв Дархан, Хөтөл, орон нутгийн засаг захиргаа, соёл, боловсрол, үйлдвэрлэлийн төв Цэцэрлэг, Арвайхээр, Мөрөн, Булган, Сүхбаатар хотууд, Хатгал, Хархорин, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг аялал жуулчлалын төвлөрлийн төлөөлөл энэ бүс нутагт байдаг. Эдгээр нь хүний аж ахуйн үйл ажиллагаа эрчимтэй өрнөж байдаг нутаг гэдгийг харуулна. 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Монголын үндэсний телевизийн “Цагийн хүрд” нэвтрүүлгээр Хөвсгөл нуурыг тойроод аялал жуулчлалын компаниуд 858 нүхэн жорлонтойг дурьдаж, доошоо хөрсөнд бохир нэвчиж байгааг мэдээллээ. Энэ бол ёстой арай дэндэнэ. Бохирдож бузартвал дахин хэзээ ч цэвэршихгүй цэнгэг Хөвсгөл далайгаа ингэж бузарлаад яахав дээ, бид л хохирно шүү дээ.
Хосгүй үзэсгэлэнт байгаль, олон янз ургамал, ан амьтан, үржил шимт хөрсөөр баялаг, амьдрахад хамгийн таатай бүс нутгийг хайрлаж, хамгаалах нь монгол хүн бүрийн ариун үүрэг гэж бодож байна. Хэрэв Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай сав бохирдож, цөлжиж, экологийн сүйрэлд орвол бид уух ус, амьсгалах агаараар гачигдах аюул нүүрлэх эрсдэлтэй. Иймээс Хангайн сайхан бүс нутагтаа уул уурхай, аж үйлдвэр, ялангуяа химийн хорт бодис ялгаруулдаг үйлдвэр нэмж барихгүй байх нь хамгаас чухал юм.
Монгол Улсын гавьяат багш, геологи-эрдэс судлалын шинжлэх ухааны
доктор (Sc.D), профессор Найдангийн БАТСҮХ