“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ
Америкийн Uber компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ. Нью-Йорк хотын Uber компанийн бүх хэрэглэгчдэд энэ үйлчилгээ нээлттэй юм. Тус компанийн нисдэг тэргэн таксийн үйлчилгээг Нью-Йоркоос Жон Кеннедийн Олон улсын онгоцны буудал гэсэн чиглэлд явагдаж байгаа юм.
Тус компанийн мэдээлснээр Манхэттен дүүргээс онгоцны буудал уруу хийх, мөн онгоцны буудлаас эргэн ирэх нислэг 10-р сарын 07-ноос Uber-ийн бүх хэрэглэгчдэд нээлттэй болох юм. Үүнээс өмнө нисдэг тэргээр таксидах энэ үйлчилгээг Uber компанийн онцгой эрхтэй үйлчлүүлэгчдэд л нээлттэй байсан бол одоо ийнхүү нийт хэрэглэгчдэд хүртээмжтэй болж байгаа юм. Нью-Йоркийн Манхэттенаас Жон Кеннидигийн онгоцны буудал хүртэл 8 минут л зарцуулах энэ нислэгийн үнэ 200-250 америк долларын хооронд хэлбэлзэж байна.
Гэвч зарим зорчигч Uber компанийн нисдэг тэргэн такси үйлчилгээ 8-аас хавьгүй илүү минутыг зарцуулж байгаад гомдол мэдүүлжээ. Uber компани энэхүү үйлчилгээгээ цаашид Америкийн бусад хотод нэвтрүүлэх зорилготой байгаа ч ийнхүү шүүмжлэл сонссон байна. Ер нь тус компани иргэний тээвэрт төрөл бүрийн техник хэрэгслийг ашиглаж үзэх туршилтыг явуулж байгаа. Тодруулбал, Uber цахилгааны нисэх онгоцыг 2023 оноос үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Даллас, Лос-Анжелес болон Австралийн Мелбурн хотод цахилгаан онгоцыг ашиглах төлөвлөгөөтэй байгаа юм.