Хятадын Засгийн газрын гишүүдийн АНУ-д нэвтрэх боломжийг хязгаарлана
Уйгурууд болон бусад үндэстний цөөнхийн эрхийг зөрчиж байна гэж эрх баригчид үзэж байгаатай холбоотойгоор АНУ Хятадын Засгийн газар хийгээд Коммунист намын гишүүдийн эсрэг визийн хязгаарлалт тогтооно хэмээн тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.
"Шинжаан Уйгарын өөртөө засах орны уйгар, казах болон лалын шашинт бусад үндэстний цөөнхийг саатуулах юмуу тэдэнтэй зүй бус хандсаныхаа төлөө хариуцлага үүрнэ гэж үзэж буй Хятадын Засгийн газар, Коммунист намын албан тушаалтнуудад визийн хязгаарлалт тогтооно. Эдгээр этгээдийн гэр бүлийн гишүүдэд мөн хязгаарлалтын арга хэмжээ үйлчилж магадгүй” хэмээн мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын Худалдааны яам уйгаруудын байдалтай холбоотойгоор БНХАУ-ын 28 компанид экспортолж буй Америкийн бараа бүтээгдэхүүнд экспортын хязгаарлалт тогтоох тухайгаа өмнө нь мэдэгдсэн юм.
“Шинжаан Уйгарын өөртөө засах оронд шахалт үзүүлэх кампанит ажлаа даруй зогсоож, үндэслэлгүйгээр саатуулсан хүмүүсийг суллаж, хилийн чанадад амьдарч буй Хятадын лалын шашинт үндэстний цөөнх хүмүүсийг тодорхойгүй хувь тавилан хүлээж буй Хятад руу албадан ирүүлэх оролдлогоо зогсоохыг уриалж байна” хэмээн М.Помпеогийн мэдэгдэлд дурджээ.