ОХУ, Венесуэл улсууд харилцаагаа зузаатгасаар байна
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Засгийн газар хоорондын комисс өчигдөр /2019.10.05/ Каракаст Оростой цэрэг-техникийн хамтын ажиллагааны нөхцөлийн талаар зөвшилцсөн гэж мэдэгджээ. “Бид цэрэг-техникийн чухал салбарт дэмжлэг авах, зөвлөлдөх талаар бүх гэрээгээ шинэчилсэн” гэж Мадуро ярьсан талаар “РИА Новости” агентлаг мэдээлсэн байв.
Венесуэлийн Ерөнхийлөгч цэрэг-техникийн салбарын хамтын ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа талаар мэдэгджээ. Түүнчлэн ОХУ-ын шадар сайд Юрий Борисовын айлчлалын үеэр эрчим хүч, технологийн салбарт гэрээ байгуулсан талаар ярьсан байна.
Өмнө нь ОХУ, Венесуэл улс урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийсэн талаар Николас Мадуро мэдэгдсэн билээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр ОХУ-д айлчилж, Москвагаас цэрэг, техникийн хамтын ажиллагааны бүх хүрээнд дэмжлэг авсан гэж мэдэгдсэн. “Венесуэл улс дэлхийн хамгийн дэвшилтэт зэвсгийн системтэй боллоо” гэж Мадуро хэлсэн юм.