Г.Занданшатар: Дэлхий дахинд зэвсгийн хүчээр сөргөлдөхөөсөө илүү эрдэм оюунаар өрсөлдөх шинэ эрин эхэлжээ
МОНГОЛЫН БАГШ НАРЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ
Монгол түмний ирээдүй хойч үед эрдэм боловсрол олгож, хүн болгон хүмүүжүүлэх нэр төртэй, нандин сайхан албыг хашигч үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын байгууллагын ажилтан ажиллагсад Та нартаа Монголын болон олон улсын багш нарын өдрийн мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Хүн бүхний адил ачит багш нараараа эрдмийн аянд замчлуулж, нэгэн үе эрдэмт мэргэн багш нарынхаа дунд ажиллаж амьдарч, хүүхэд залууст эрдмийн шим хүртээх гэгээн үйлсэд хамтран зүтгэж явсны хувьд багш нарын зүрх сэтгэл, хүсэл тэмүүлэл, ажлын орчин нөхцөлийг би сайн мэднэ. Тэр хэрээр Та бүхнийгээ ямагт хүндэтгэн дээдэлж явдаг билээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд боловсролын салбарын эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх, багш нарын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр зүтгэн чармайхыг өөрийн журамт үүргээ гэж үздэг.
Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааны нэгэн үндсэн чиглэл ч энэ бөгөөд цаашид ямагт анхаарлынхаа төвд байлгасаар байх болно. Монгол Улсын Их Хурал ойрын үед Шинжлэх ухаан, технологийн тухай болон Боловсролын салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Эдгээр өөрчлөлт боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг орчин үеийн шаардлагад нийцүүлэн улам боловсронгуй болгоход чухал хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрхэм багш нар аа,
Эдүгээ дэлхий даяар Аж үйлдвэрийн IV хувьсгал эрчимтэй өрнөж байна. Хиймэл оюун ухаан, роботын үйлдвэрлэл, их өгөгдөл боловсруулалт, виртуал бодит байдал, генийн инженерчлэл зэрэг шинэ нээлт, технологиуд эдийн засгийн хурдацтай өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлж байна. Дэлхий дахинд зэвсгийн хүчээр сөргөлдөхөөсөө илүү эрдэм оюунаар өрсөлдөх шинэ эрин эхэлжээ.
Ийм нөхцөлд дэлхийн улс орнуудтай ижил түвшинд өрсөлдөхүйц түвшний боловсрол, мэдлэг, чадвар эзэмшсэн иргэд л улс орны өрсөлдөх чадварыг сайжруулж, цаашдын хөгжил цэцэглэлтийн ирээдүйг тодорхойлох болно.
Сургууль төгссөний батламж болох гэрчилгээ, дипломыг биш ур чадвар, авьяасыг чухалчилдаг боллоо. Тиймээс шавь нарынхаа авьяас билиг, бүтээлч сэтгэлгээг нээн илрүүлж, тэтгэн хөгжүүлэх, багшлахуйгаас суралцахуйд түлхүү анхаардаг дадал хэвшил бий болгоход онцгой анхаарах нь чухал болжээ.
Их өгөгдлийн сан бий болгох замаар сурах үйл ажиллагааг дэмжих, хариуцлагатай, чадвартай, авьяастай, ёс зүйтэй буюу “зөөлөн ур чадвар”-тай мэргэжилтэн бэлтгэх нь Монголын багш нарын шинэ үеийн эрхэм зорилт байх учиртай.
Монгол Улсын хөгжил дэвшил, мандал бадралыг гардан хэрэгжүүлэх дэлхийн хэмжээний боловсрол, хүмүүжилтэй иргэдийг сурган бэлтгэх нэн эрхэм үйлсэд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, гэгээн сайхныг хүсэн ерөөе.
Монгол Улсын ирээдүй эрдмээр тэтгэгдэж, монгол түмний маань оюуны мэлмий тунгалаг байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР