Малын хулгайн хэрэгт оногдуулах ялыг чангатгах хууль өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын зэрэг гишүүд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Малын хулгайн гэмт хэрэг өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн нь малчдад төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг бууруулснаас гэмт хэрэгтэн ял завшиж, улмаар малын хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд 8-аас дээш тооны бод, 24-өөс дээш тооны бог хулгайлбал хүндрүүлэх нөхцөлд тооцож хорих ял оногдуулдаг, бусад тохиолдолд хорихоос өөр төрлийн ял оногдуулдаг болсон байна. 8-аас доош бод, 24-өөс доош тооны бог хулгайлсан тохиолдолд нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан. Ихэнх тохиолдолд шүүгч нар хохирлын хэмжээ их биш, хүндрүүлэх нөхцөлгүй хэмээн үзэж нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, эсвэл зорчих эрхийг нь хязгаарлах, торгох ял оногдуулж байна.
Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалттай холбоотойгоор иргэд, малчид болон мэргэжилтнүүдээс багагүй хэмжээний санал, шүүмжлэл ирүүлснийг судлахад уг хуулийг практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэхэд хүндрэл үүссэн, гэмт этгээдэд ял завших боломж олгосон, хийдэл зөрчилтэй, хууль зүйн техник, утга найруулгын алдаатай зохицуулалт байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс хууль нь цаг үе, нийгмийн хандлага, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, аливаа хийдэл, зөрчилгүй байх нийтлэг зарчимд үндэслэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.