ДЭМБ: Танзан улс эбола вирусын талаар үнэн бодитой мэдээллийг нууж байна
Танзан улс эбола вирусын талаар үнэн бодитой мэдээлэл өгөхгүй, нууж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шүүмжиллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэл гаргаж, Танзан улсад эбола вирусын халдвараас болж худалдааны төв Дар-эс-Салам хотод нь 10 хүн нас барсныг тогтоосон гэж мэдэгдсэн байна.
Мөн нас барсан хүмүүстэй ойр байж халдвар авсан байж болзошгүй хүмүүс хорионд орж байсан тухай мэдээлэл ирснээс гадна сэжигтэй хоёр тохиолдол ч байгаа талаар албан бус мэдээлэл ирснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.
Гэтэл тус байгууллага Танзаны эрх баригчдаас энэ талаар нэмэлт мэдээлэл авч чадаагүй хэмээн өнгөрөгч бямба гарагт тус улсыг буруутгасан байна. Учир нь энэ сарын 14-ний өдөр Танзанийн Засгийн газар улс оронд нь эбола вирусын халдвар байхгүй гэж албан ёсоор мэдээлжээ.