Ихэр цамхагийн дэлбэрэлтэд өртсөн 4000 хүн хавдраар өвчилжээ
Одоогоос 18 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвд гарсан алан хядах ажиллагаанд өртсөн хүмүүсээс 4000 нь хавдрын өвчлөлөөр өвчилснийг эмч нар олж тогтоожээ.
АНУ-ын эрдэмтэд 2004 оноос эхлэн алан хядах ажиллагаанд өртсөн 6000 хүнийг ажигласан байна. Үүнээс гадна аймшигт үйл явдлын үеэр иргэдийг аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцсон 10 мянга гаруй аврагч, сайн дурынхныг хяналтдаа авчээ.
АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн оны зун алан хядах ажиллагаанд өртсөн хүмүүст биеэр болон сэтгэлзүйгээр туслах хөтөлбөрт оролцсон хүмүүсийн жагсаалтыг нэмж, 21 мянгад хүргэсэн юм. Тэднээс дөрвөн мянгад нь түрүү булчирхай, хөх, арьсны гэх мэт хавдрын өвчлөл янз бүрийн шатандаа илэрсэн байна. Гэхдээ эмч нар алан хядах ажиллагаа, хавдрын өвчлөл хоёрыг хэрхэн холбохоо мэдэхгүй байна.
Нью-Йоркийн Гал түймрийн албаны Эрүүл мэндийн хэлтсийн дарга Дэвид Презант “Хавдрын өвчлөл ихэр хоёр цамхагийн дэлбэрэлттэй ямар холбоотой болохыг хэн ч тайлбарлаж чадахгүй. Хэдий тийм боловч энэ судалгаанаас харахад сүүлийн үед энд байсан хүмүүсийн дундах хавдрын өвчлөл 10-30 хувь болтлоо өсчээ” гэж мэдээлсэн байна.
Эргэн сануулахад, “Аль-Кайда” бүлэглэлийн алан хядагчид 2001 оны энэ өдөр АНУ-д зорчигч тээврийн дөрвөн онгоц барьцаалсан билээ. Үүнээс хоёр нь Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн цамхгийг мөргөсөн. Гурав дахь онгоц нь Вашингтоны дагуул хотод Пентагоны барилгыг дайрсан бол дөрөв дэх онгоц нь алан хядагчдын байнд хүрэлгүй, Пенсильвани мужид сүйрчээ. Алан хядах ажиллагааны улмаас нийт 2977 хүн амиа алдсан юм.