"Mediakix" нэртэй маркетингийн агентлаг гар утасны тоглоомын зах зээлд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Уг судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их гар утасны тоглоом тоглодог нь тогтоогдсон байна.
Бүр тодруулбал нийт гар утасны тоглоомчдын 63 хувь нь эмэгтэйчүүд байдаг бол үлдсэн 37 хувийг нь эрчүүд эзэлдэг гэнэ. Тэр дундаа нийт эмэгтэй тоглоомчдын талаас их буюу 60 хувь нь өдөр бүр гар утасны тоглоом тоглодог байна. Тэгвэл эрчүүдийн ердөө 47 хувь нь л өдөр бүр гар утасны тоглоом тоглодог гэж судалгаагаар гарчээ.
Түүнчлэн тус маркетингийн агентлагийн мэдээллэснээр эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад гар утасны тоглоомд мөнгө төлөхөд бэлэн байдаг гэнэ. Тиймээс гар утасны тоглоом боловсруулагчдын хувьд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү үнэ цэнэтэй байдаг бөгөөд тэд өөрсдөд нь илүү ашигтайд тооцогддог эмэгтэй хэрэглэгчиддээ илүү төвлөрдөг байна.