Франц улс "Facebook" компанийн криптовалютыг европд ашиглуулахгүй байх арга хэмжээ авна
Франц улс олон нийтийн сүлжээ эрхлэгч Фэйсбүүк компанийн гаргах Либра хэмээх криптовалютыг Европт ашиглуулахгүй байх арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ энэ тухай Францын сангийн сайд Брюно Лэ Мэр мэдэгдсэн юм. Тэрээр Фэйсбүүкийн Либра цахим мөнгийг хууль бус гүйлгээнүүд хийхэд ашиглаж болзошгүй учир Европын санхүүгийн системд эрсдэл учруулж мэднэ гэж үзэж байгааг мэдэгдсэн юм.
Гэхдээ Европын Холбооны орнуудад энэ шинэ криптовалютыг ашиглахыг ямар аргаар хориглохоор төлөвлөж байгаагаа тэрээр тайлбарлаагүй байна. Фэйсбүүкийнхэн Либра нэртэй шинэ криптовалютаа 2020 оноос эргэлтэд оруулахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн 7-р сард албан ёсоор зарласан. Харин Либра валютыг гаргах, эргэлтэд оруулах бүхий л үйл явцыг нь удирдах консерциум байгуулахад Виза, Мастеркарт, Пэйпал, Убер компаниуд 10 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхэр төлөвлөж байгаа тухай Уолл Стрит Жоарналыхан тухайн үед мэдэгдэж байсан юм.
Фэйсбүүкийнхэн дэлхий нийтэд 1,7 тэрбум хүн энэ шинэ валютыг нь ашиглана гэсэн тооцоог гаргаснаа ч мэдэгдэж байсан юм. Өмнө нь АНУ-ын Конгрессоос олон нийтийн сүлжээ эрхлэгч Фэйсбүүк компанийнханд хандаж криптовалют гаргаж зах зээлийн эргэлтэд оруулах төлөвлөгөөгөө хойшлуулахыг зөвлөмж болгож байсан. АНУ-ын парламентын доод танхимын санхүүгийн үйлчилгээний асуудал эрхэлсэн тусгай хорооны тэргүүн Максин Уотерс Фэйсбүүкийнхэнд хандаж Либра нэртэй криптовалют гаргах үйл явцаа холбогдох хяналт шалгалт дуусах хүртэл хойшлуулахыг хүссэн Конгрессын сонсголд оролцож тодорхой мэдээлэл өгөхийг анхааруулж байсан. Их 7 орны сангийн сайд нар ч Фэйсбүүкийнхэн төлбөр тооцооны ийм шинэ хэрэгсэлтэй болох төлөвлөгөөнөөс болгоомжилж байгаагаа илэрхийлж байсан юм.