Зөвлөлтийн үеэс тэмдэглэж ирсэн хэд хэдэн баярыг цуцалж магадгүй байна
Оросын Засгийн газар эрх зүйн актуудаа цэгцлэх ажлын хүрээнд Зөвлөлтийн үеэс тэмдэглэж ирсэн мэргэжлийн хэд хэдэн баяраа цуцалж магадгүй байна. Тэмдэглэлт өдрөөс хасах баярын жагсаалтад Төмөр замчдын өдөр, Радиогийн өдөр, Агаарын флотын өдөр зэрэг багтсан гэж “Коммерсантъ” сонинд мэдээлжээ.
Одоогоор цуцлахаар төлөвлөсөн эрх зүйн актуудын жагсаалтыг боловсруулах шатандаа явна. Засгийн газрын цуцлах баримт бичгүүдийн нарийн жагсаалттай тогтоолын төсөл 11 дүгээр сарын 15 гэхэд бэлэн болох ёстой. Үүнээс өмнө буюу 10 дугаар сарын 10-ныг хүртэл мэргэжлийн байгууллагууд саналаа оруулж болно гэжээ. Засгийн газрын төлөвлөгөөний дагуу энэ тогтоолыг 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх юм байна.
Оросын төмөр замын сонинд “Төмөр замчдын өдөр бол Оросын мэргэжлийн ууган баяруудын нэг юм. Тиймээс ч бид баяраа хэвээр үлдээх сонирхолтой байна” гэж тэмдэглэжээ. Төмөр замчдын баярыг цуцлах асуудлаар Тээврийн яамнаас ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан байна. Харин Харилцаа холбооны яамнаас Радиогийн өдөр нь Зөвлөлт, Оросын эрх зүйн ерөнхий баримт бичигт багтсан, харин цуцлах жагсаалтад ороогүй гэжээ.
ОХУ-д хуучирч идэвхгүй болсон, бизнесийн үйл ажиллагаанд тээг тушаа болсон эрх зүйн акт, хууль тогтоомжийг цуцлах хяналт шалгалтын үйл ажиллагааны шинэчлэлийн ажил үргэлжилж байна.
Тус улсад бизнесийн хяналт шалгалтад заавал тавигдах шаардлага бүхий 9 мянга гаруй эрх зүйн акт, хууль тогтоомж байдаг. Үүний ихэнх нь Зөвлөлтийн үеэс өнөөг хүртэл мөрдөгдөж байгаа тухай ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрөгч нэгдүгээр сард мэдээлсэн билээ.