Азийн орнууд 2050 он гэхэд нүүрсээр ажилладаг үйлдвэрийг бүр мөсөн халах зорилт тавьжээ
Эрчим хүчний хямд эх үүсвэр болдгоороо нүүрс ихээхэн ач холбогдолтой. Гэвч “хар алт”-наас ялгарах нүүрсхүчлийн хий уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлдөг учир дэлхийн олон орон ахуйн хэрэглээнд ашиглахаас аль болох татгалзаж байна. Япон, БНСУ, БНХАУ-д нүүрс боловсруулах дэвшилт технологиудыг аж үйлдвэрлэлийн салбартаа түлхүү ашигладаг.
Японд гэхэд нүүрсийг ихэнхдээ хуурай аргаар боловсруулдаг аж. 30 сая тонн нүүрсийг нойтон аргаар баяжуулахад 4-5 сая шоо метр ус зарцуулдаг. Харин хуурай аргаар боловсруулах технологи усны оронд элс ашигладгаараа онцлог юм. Ингэж боловсруулсан нүүрсний чанар нойтон аргаар баяжуулсантай ижил бөгөөд эл технологийг Японы “Нагата инженеринг” компанийнхан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм байна. Япон Улс 100 хувь импортын нүүрс хэрэглэдэг төдийгүй өнгөрсөн оны байдлаар нийт эрчим хүчнийхээ 30 гаруй хувийг “хар алт”-наас гарган авчээ. Тус улсын хувьд эрчим хүч гарган авах хамгийн хямд эх үүсвэр нь нүүрс биш. Байгалийн хий ашиглах нь өртөг багатай аргуудын нэгд тооцогддог аж.