Электрон тамхи эрүүл мэндэд эрсдэлтэй гэдэг шалтгаанаар Энэтхэгийн засгийн газраас электрон тамхи импортлох худалдахыг хориглолоо. Залуучууд энэ тамхийг ихээр хэрэглэх болсон тул ийм тогтоол гаргаж байгаа тухай ч Сангийн сайд нь мэдээллээ. Энэтхэгээс гадна, Америк улсад ялангуяа залуучууд электрон тамхийг өөрийгөө илэрхийлэх хэв маяг гэж үзэх хандлагатай болсон гэх мэдээлэл байна. Хоригийн хүрээнд электрон тамхи зарж борлуулсан импортолсон хүнийг 3 хүртэл жил хорино. Үүнд мэдээж уламжлалт тамхи хамаарахгүй гэж албаны хүмүүс хэлж байна.
Энэтхэг улсын хэмжээнд насанд хүрсэн 100 сая хүн тамхи татдаг. Тамхины хэрэглээгээрээ Хятад улсын дараа 2 дугаарт ордог. Тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр жил бүр 900 мянга гаруй хүн нас барж байна гэх статистик ч байна. Тамхины хэрэглээ өндөр байдаг нь Энэтхэг улсыг электрон тамхины компаниудын том зах зээл болгодог аж.
Харин электрон тамхи мэтийн төхөөрөмжүүд нь никотин, ус, уусгагч, амт оруулагч агуулдаг. Энэ нь тамхинаас гарах нэг хэрэгсэл болсон ч хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг нь одоо ч тодорхойгүй гэдгийг хэвлэлүүд бичиж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр тамхичдын тоо тогтвортой буурч байгаа ч, электрон тамхи татдаг хүмүүс хурдтай олширч байна. 2011 онд 7 сая хүн ийм тамхи татдаг гэж үзэж байсан бол 2018 онд 41 сая болтлоо өсчээ. 2021 онд насанд хүрсэн 55 сая хүн электрон тамхи татдаг болно гэсэн тооцоолол ч гарчээ.
АНУ-ын хэмжээнд электрон тамхины эрүүл мэндэд учруулах эрсдэлийг эрдэмтэд ажиглан судлаж анхаарлын төвд оруулаад байна. учир нь энэ онд л гэхэд электрон тамхи татаж байсан 450 хүн уушгины өвчтэй гэж бүртгэгджээ.