Хүний нэр эзнийхээ хувь заяаг тодорхойлдог
Хүнтэй насан туршид хамт байдаг цөөхөн зүйлийн нэг нь нэр. Сайн, муу ямар ч үйл хийсэн хүний нэр хувь заяаг нь тодорхойлдог гэдэг. Тиймээс нэр өгөх, нэр хайрлах сургаал, ёс заншил хүртэл бий. Түүгээр барахгүй хуучин мөрдөж асан Гэр бүлийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Хүүхдийн нэр нь эх хэлнээ дуудах, бичихэд хялбар, утга төгөлдөр байна” гэж заасан байжээ Иргэний бүртгэл мэдээллийн төвийнхний судалгаагаар хамгийн түгээмэл монгол нэр Алтанцэцэг, Оюунчимэг гэнэ.
Ийм нэртэй тус бүр 13 мянга гаруй хүн байдаг бол Батбаяр, Бат-Эрдэнэ, Ганболд нэртнүүд тус бүр 11 мянга орчим бий. Дээхнэ үед монгол, түвд нэр голдуу өгдөг байсан бол 1929 оноос хүүхдэдээ орос нэр мэр сэр өгч эхэлсэн. 1956 оны хүн амын тооллогоор 16-17 насныхан ихэвчлэн орос нэртэй бүртгүүлж, тухайн үед мода болж байв. Тухайлбал, Александр, Коля, Нина, Сталин, Сэсээр буюу СССР орно. Тэгвэл 1990 оны ардчилсан хувьсгалын дараахнаас түүхэн хүмүүсийн нэрийг хүүхдэдээ хайрлах явдал олширсноор өнөөдрийн өсвөр насныхан дунд Тэмүжин, Анужин, Хасар, Есүй зэрэг нэртэн цөөнгүй байдаг аж. Түүгээр барахгүй нэгэн гэр бүлийн эзнийг Чингүнжав, эзэгтэйг Бөртэ, хүүг нь Зэв гэдэг юм билээ.Харин өнөө үед хүмүүс хүүхдэдээ аль болох гоёмог, сонсголонтой, өвөрмөц нэр сонгон зохиож өгдөг болов. Үүний тод жишээ нь урлагийнхны хүүхдүүдийн нэр юм.
Тухайлбал, “Номин Талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охиныг Зөөлөнсий гэдэг бол А.Хаянхярваагийн охин Танхилуун, хүү Эрхэтгүн, дуучин С.Жавхлангийн охид Юмь-Агь, Чжингүнж, “Спайк” хамтлагийн дуучин асан Р.Номин-Эрдэнийн охин Жасмин нэртэй. Аав, ээжээс хайрласан нэрийг нууцлаад гэх үү эсвэл бусдын анхаарлыг татах гэсэндээ ч тэр үү өөрсдийнхөө нэрийг сольсон урлагийнхан бас бий. Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбатын өгүүлсэнчлэн сүсэг бишрэл, эцэг, эхийн сонирхол гээд ямар ч тааллаар өгсөн нэр дуудагдаж буй алдрын мөн чанарт шингээд, амьдралын бүх хэмнэл нь цаашид тогтнодог аж.
Дорно дахины ард түмэнд нэр өгөхдөө хүүхдийн ирээдүйг өсөн бадрах, хөгжин дэвшихийг ерөөх үүднээс сайн сайхан явуулах нэр өгдөг нийтлэг уламжлалтай. Түүнчлэн нэр өгөх онол хүртэл байдаг ба үүнд эр эм эгшгийг зохицолдуулах, үсгийн арга билиг, махбодийг тэнцүүлэх зэрэг арга багтана. Халх уламжлалд эх эцгийн нэртэй ижил юм уу тэдний нэр оролцуулж өгөхийг цээрлэдэг байв.Мөн хүүхдийн амь насыг батжих буюу таван нас хүртэл нь өөр нэрээр өхөөрдөн дуудах ёс бий.
Ёс заншлаас гадна сэтгэл зүйчид, хэл шинжээчид ч хүний нэр эзнийхээ хувь заяанд нөлөөлдөг гэж үздэг аж. Английн сэтгэл судлаачид хэтэрхий содон эсвэл таарч тохироогүй нэрээ сольсон өөртөө итгэлгүй хүмүүс азгүйтдэг байдпаасаа гарч болдог хэмээн дүгнэжээ. Дашрамд дурдахад, Монгол Улсын иргэн нэрээ нэг удаа солих хууль байдаг. Бас содон ховор, урт нэр тэмдэглэн цуглуулдаг өвөрмөц хоббитой эдийн засагч, сэтгүүлч Н.Хүрэлбаатар 1996 онд Н.Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход Томбанди гэдэг нэртэй хүн бий болов уу гэж сониучирхан судлаад Өвөрхангай аймагт Пүрэвийн Томбанди хэмээх нэгэн амьдарч буйг мэдсэнээс хойш сониуч зангаа хобби болгожээ.
Түүний судалгаагаар Монголд давхардсан тоогоор 40 орчим мянган нэр байдгаас 1000 орчим нь маш содон гэнэ. Тухайлбал, Бор, Цагаан, Улаан, Хөх Ягаан гээд дандаа өнгөний нэртэй хүүхдүүдийн аав нь Дэгээ. Бас л сонин байгаа биз. Их, Иш, Од, Оч, Юм гэх мэт богино нэр байхын зэрэгцээ урт нь ч цөөнгүй. Буддын шашин дэлгэрч, төвд нэр өгдөг ахуйд урт нэр түгээмэл байсан бол өдгөө Бадамлянхуацэцэг, Гурванхангайшатарманлай, Гүрсоронзонгомбосүрэнболд, Дүүрэнбилэгтүвшин, Идэрзолзаяажаргал, Ичинхоролцэвэлмаа, Жүгдэрнамжилжавзмаа, Лувсандэнзэнпилжинжигмэд, Мятрашгүймонголжингоо, Найманзууннандинцэцэг, Сүхбатмонголхүү, Хоёрмөнхцаст Алтай, Чибишбибаатар, Энэбиштөмөртогоо, Эх орны нэг өглөө гэх мэт гурав болон түүнээс дээш үгээс бүтсэн нэртэй хүн 30 гаруй байдаг.
Монголчууд хүүхдэдээ төрсөн гарагийнх нь нэрийг төвд хэлний “сүрэн” /Srun-сахиул,сахиус/ гэдэг үгтэй нийлүүлж, төрсөн гараг нь эзнээ насан туршид нь сахин хамгаалж явахыг бэлгэшээсэн нэр өгдөг заншил түгээмэл бий. “Баянбуурал” амралтын газрын малчны ихэр зээ Буш, Лора гэдэг нэртэй байв. Ихрүүд АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Бушийг Монголд айлчилж ирсэн өдөр мэндэлсэн учир мөнөөх малчин тэдэнд дээрх нэрийг хайрлажээ.Тэрчлэн хүүхэд тогтдоггүй айл хүүхдэдээ хачин жигтэй нэр өгдөг агаад үнэхээр энэ дом нөлөөтэй болох нь амьдралд нэгэнт нотлогдчихоод буй. Сүүлийн жилүүдэд хүүхдэдээ XX зууны түгээмэл нэр өгөх нь багасч, нэг үгээс бүтсэн богино, аль болох ховор содон нэр хайрлах хандлага бий болсон. Жишээ нь Аялгуу, Билгүүн, Дөлгөөн, Золбоо, Нинжин, Тайшир, Тогтуун, Цэлмүүн, Эгшиглэн, Энэрэл гэх мэт. Ер нь нэр бол дом тарнийн ид шидтэй, хүний амьдралын зам мөрд нөлөөтэй, хувь заяатай холбоотой муу зүйлээс төөрүүлж хамгаалдаг зэрэг маш их утга учир агуулж байхыг үгүйсгэх аргагүй билээ.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин