Өнөөдрөөс эхлэн Японы хэрэглээний татвар 8 хувиас 10 хувь болж нэмэгдээд байна. Татварын өсөлтөөр хуримтлагдсан мөнгийг Японы өр зээлийг бууруулах болон нийгмийн хамгааллын системийг сайжруулахад зарцуулна гэдгээ тус улсын засгийн газар мэдэгджээ.
10–р сарын 01 буюу өнөөдрөөс Японы өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний худалдан авалтын татвар хоёр хувиар нэмэгдээд байна. Энэхүү татвар нэмэгдүүлэх хууль мөрдөгдөж эхлэхээс өмнөх өдрүүдэд Японы иргэдийн худалдан авалт эрс идэвхжисэн байна. Иргэд тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон гэр ахуйн барааг олон тоогоор нь худалдан авчээ. Энэ удаагийн татварын нэмэгдэл зарим төрлийн бараа бүтээгдэхүүнд л хамаарч байна.
Тодруулбал, хоол хүнс болон ундаа зэрэг өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний татвар нэмэгдээгүй бол архи дарс болон хүнсний зориулалтын бус барааны татвар 10 хувь болжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Японы хэрэглээний татвар нэмэгдээгүй байсан бол өнөөдрөөс эхлэн ийнхүү өөрчлөлт орж байна. Энэ удаагийн татвар нэмэгдлээр 5.7 триллион иен буюу 50 гаруй тэрбум америк долларын улс төсөвт хуримтлагдана гэж тус улсын засгийн газраас тооцоолжээ. Татварын нэмэгдлээр хуримтлагдах мөнгийг боловсрол, санхүү болон нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулахад зарцуулахаар төлөвлөж байна.