Т.Аюурсайхан: Польшийн хуулийн байгууллагаас манай улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байна
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хууль бус наймаанд нэр холбогдсон дипломатуудын талаар мэдээлэл хийж байна. Байнгын хороон дарга Т.Аюурсайхан “Польшийн хуулийн байгууллагаас манай улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа мэдээллийг маш нууцын зэрэглэлээр ирүүлсэн. Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон талаарх мэдээллийг өмнө нь өгч байсан. Тэр үед хаалттай мэдээлэл байсан. Хилийн чанадад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн мэдээлэлтэй хамтатгаж ирүүлсэн байсан. Энэ нь нууцын зэрэглэлд хамаарна. Хууль бус наймаанд холбогдсон хүмүүсмийн зарим нь Монгол Улсын төрийн албанд, улс төрийн намын удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс байна.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудлыг таслан зогсоох, ажлаас нь чөлөөлөхөөр ажиллаж байгаа. Манай улсад хар тамхитай холбоотой асуудал газар авсан. Үүнийг таслан зогсоохын төлөө хамтарч ажиллаж байгаа. Ингээд тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөөд, хамтарч ажиллаж байгаа.
Польш улсаас ирүүлсэн 69 хүний мэдээллээс эхний ээлжинд зургааг нь чөлөөлсөн. Үүнийг эхлээд танилцуулъя.
- Х.Даваадорж Бельги улсад хил дамнасан хууль бус наймаанд оролцсон. 2009 оноос хойш эрэн сурвалжлагдаж байгаа ч түүнээс хойш удаа дараа дипломат албанд томилогдсоор байсан.
- Б.Болор нь Х.Даваадоржийн гэргий. Мөн одоог хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа.
- А.Батсайхан БНЛАУ-аас чөлөөлөгдсөн. 2002-2003 онд Польш улсад түр ажиллаж байхдаа хууль бус наймааны хэрэгт холбогдон, эрэн сурвалжлагдаж байгаа.
- Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын Хөх хотын Ерөнхий консулаас чөлөөлөгдсөн. Тээврийн хэрэгслийг татваргүйгээр оруулж, худалдсан хэрэгт холбогдсон.
- Т.Мөнхбат, С.Эрдэнэбаяр нар Турк улс дахь Консулын газар ажиллаж байхдаа хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д саатуулагдсан.
- С.Эрдэнэ 2004 оны есдүгээр сард Германд саатуулагдан шалгагдаж байсан.