АНУ болон Европын холбооны хооронд худалдааны дайн дэгдэж магадгүй
Дэлхийн худалдааны байгууллага АНУ болон Европын холбооны хооронд 15 жилийн турш үргэлжилж буй худалдааны тариф, татвартай холбоотой маргааныг энэ сарын 30-ны өдөр эцэслэн шийдвэрлэхээр болжээ. Хэрвээ шийдвэр АНУ-ын талд гарвал тэд Европоос орж ирж буй хэдэн тэрбум еврогоор хэмжигдэх үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд татвар тавих бүрэн эрхтэй болох юм. АНУ Европын холбоог өөрийн үйлдвэрлэгч “Airbus” компанид олон жилийн турш татаас олгож ирсэн хэмээн буруутгадаг бөгөөд үүний төлөө нөхөн төлбөр шаардаж байгаа юм.
АНУ ДХБ-ын шийдвэр өөрсдийнх нь талд гарна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Европын холбооноос орж ирж буй 11.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулахаар зэхэж байгаа аж. 11.2 биш 7.5 тэрбум ам.долларын бараанд татвар тооцно гэсэн мэдээлэл ч гарч байгаа юм. Татвар ногдуулах бараа бүтээгдэхүүний жагсаалт тодорхой болжээ.
Гэхдээ үүнийг ДХБ шийдвэрээ гаргасны дараа нийтэд зарлах юм байна. ДХБ шийдвэрээ АНУ-ын талд гаргах нь гэсэн мэдээлэл сарын өмнөөс хэвлэлд гарсан бөгөөд үүний дараа “Airbus” компанийн хувьцааны үнэ огцом унаж байв. Гэхдээ Европын холбоо зүгээр өнгөрөхгүй, АНУ-ын “Boeing” компанитай холбоотой заргыг ДХБ-д гаргасан байна. Мөн шийдвэр эсрэг талд гарч, АНУ татвар тавиад эхэлбэл зөрүүлээд татвар тавихаар бараа бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг бэлэн болгожээ.