У.Хүрэлсүх: Найзан дундаа орсон байдлаар өдөр хоног өнгөрөөдөг байдлыг тэвчиж болохгүй
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн удирдлага, төрийн байгууллагуудын дарга нартай уулзав. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.
Тус аймагт энэ онд 29 орчим тэрбум төгрөгийн 19 төсөл, арга хэмжээ шинээр хэрэгжиж байгаа бөгөөд 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Цахилгаан, эрчим хүч, зам тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шинэ ажлын байрны тоо 25 хувиар өсч 442 болсон байна. 2018 оны байдлаар ядуурлын хамралтын хүрээ 30 хувь байгаа нь 2016 онтой харьцуулахад 16,8 пунктээр буурсан гэсэн үг юм.
Аймагт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 99 тусгай зөвшөөрөл байна. Орон нутгийн зүгээс хариуцлагатай, ил тод уурхайг дэмжиж, хууль, дүрэм, журам зөрчвөл тухай бүр нь таслан зогсооно гэдгээ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд төрийн албан хаагчдад улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, нефть боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, авто болон төмөр зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өгөв. Хамгийн гол нь иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ төрийн албан хаагчид алхам тутамдаа ухамсарлаж ажиллах ёстойг онцгойлон анхаарууллаа. Цөөн хэдэн хүнээс болж төрийн албаны нэр хүнд унаж байгаад дүгнэлт хийж иргэдэд тэгш, ямар нэг хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг сануулав. Мөн ажил хийдэггүй, хийсэн дүр эсгэдэг, бие биедээ шаардлага тавьж чаддаггүй, найзан дундаа орсон байдлаар өдөр хоног өнгөрөөдөг байдлыг тэвчиж болохгүй гэв.
Ерөнхий сайд уулзалтын дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн харъяа Уламжлалт анагаах ухааны төв, Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойд зориулан бүтээсэн гэрэлт хөшөөний нээлтэд оролцоно.