Хөнгөн атлетикийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (2019.09.27) Катар улсын Доха хотноо эхэлж байгаа бөгөөд Дэлхийн аваргын эмэгтэй марафоны уралдаан болно.
Манай улсаас өнөөдөр Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар уралдах бол эрэгтэй марафоны тамирчид 29-ний ням гарагт уралдана. Хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн ДАШТ энэ сарын 27-ноос ирэх 10 дугаар сарын 6-нд болох бөгөөд 209 орны баг, тамирчид оролцож байна.
Монгол Улсаас марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин, 2013 оны Ази тивийн АШТ-ий алтан медальт Б.Сэр-Од, ОУХМ Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар дасгалжуулагч Б.Доржпалам, О.Оюунтуяа нарын удирдлага дор оролцож байгаа юм.
Гавьяат Б.Сэр-Одын хувьд 9 дэх ДАШТ-дээ хурдаа сорьж буй түүний хувийн дээд амжилт нь 2 цаг 08 мин 50 сек байдаг. Энэ амжилт олимп, дэлхийн аваргуудын үзүүлдэг амжилттай дүйж байгаа юм.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг