"Facebook" компани “like”-н тоог харагдахгүй болгох туршилт хийнэ
“Facebook” нийгмийн сүлжээ “Instagram”-ын нэгэн адил нийтлэлийн “like”-н тоог харагдахгүй болгох туршилтыг Австралид явуулахаар болжээ. Орон нутгийн цагаар баасан гарагаас эхлэн Австралийн “Facebook” хэрэглэгчдэд бусдын нийтлэл дэх “like” болон “reaction”-ы тоо харагдахгүй болох ажээ.
Энэхүү өөрчлөлтийг “Instagram” нийгмийн сүлжээ өнгөрсөн долдугаар сараас хойш хэд хэдэн оронд туршилтын байдлаар явуулсан юм. “Facebook” компанийн мэдээлснээр, “like”-н тоог харагдахгүй болгож буй нь хэрэглэгчдэд учрах дарамт шахалтыг бууруулах зорилготой ажээ. Түүнчлэн хэрэглэгчид өөрсдийн нийтлэлийг хэдэн “like” авсныг харах боломжтой гэнэ.
“Facebook” уг өөрчлөлтийн талаар сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон басамжлал, доромжлолыг эсэргүүцэгч бүлгийн төлөөлөгчидтэй зөвлөлдсөн гэж тус компанийн төлөөлөгч мэдээлжээ. Энэхүү туршилтыг нийгмийн сүлжээнд нөлөө бүхий зарим хүн хүчтэй шүүмжилж байгаа бөгөөд тэдний хувьд “like”-н тоо нь бизнесийн чухал хэмжигдэхүүний нэг ажээ.