Австралийн Викториа мужийн нэгэн оршин суугч гэдэс нь хүчтэй өвдсөний улмаас эмнэлэгт үзүүлтэл зүү залгисан нь тогтоогджээ. Үүний дагуу цагдаа нар мөрдлөг явуулахад идсэн гүзээлзгэнэ дотроос нь зүү илэрсэн байна.
Эл хэргээс дараахан мөн хоёр иргэн худалдаж авсан гүзээлзгэнэ дотроосоо зүү олсон аж. Одоогийн байдлаар тус хэргийн мөрдөн байцаалт явагдаж байна.
Анх өнгөрсөн оны есдүгээр сарын 13-нд Австралид дээрхтэй ижил гэмт хэрэгт бүртгэгдэж томоохон хэмжээний мөрдөн байцаалт эхэлсэн байдаг. Тухайн үед Квинслэндийн хэд хэдэн иргэн дэлгүүрээс худалдаж авсан гүзээлзгэнэ дотроос зүү олсон юм. Дараа нь алим, гадил, лийрээс ч зүү гарч ирэх болжээ.
Цагдаагийн байгууллагад жимс, жимсгэнээс зүү илэрсэн гэсэн нийт 230 дуудлага бүртгэгдсэн байна. Хожим цагдаа нар өс хонзонгийн сэдлээр уг хэргийг өдүүлсэн эмэгтэйг баривчилж чадсан юм. Үүнтэй төстэй хэрэг Шинэ Зеландад ч бүртгэгдэж байв.