БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын чанарын үзүүлэлт өнгөрсөн наймдугаар сард сайжирч, нэг шоо метр агаар дахь “PM2.5” гэх нарийн ширхэгт тоосонцрын дундаж хэмжээ 23 микрограмм хүрсэн хэмээн Бээжин хотын Экологийн товчооноос мэдээлжээ.
Хятад улсад агаарын чанарын үзүүлэлтийг бүртгэж эхэлснээс хойш наймдугаар сард бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт энэ болжээ. "Хятадын нийслэл сүүлийн 20 жилийн хугацаанд эдийн засгийн хурдацтай өсөлтийг хадгалсны зэрэгцээ агаарын бохирдолтой тэмцсээр ирсэн" гэж Экологийн товчооны дэд дарга Ю Жяньхуа хэлсэн байна.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс өнгөрсөн гуравдугаар сард гаргасан тайланд дурдсанаар, Бээжин дэх хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, “PM10” тоосонцрын түвшин 1998-2017 онд 93 хувь, 38 хувь, 55 хувиар тус тус буурсан байна.
Бээжин хот цэвэр эрчим хүчийг дэмжих, үйлдвэрүүд болон тээврийн хэрэгслүүдийн ялгарлыг хянах зэрэг агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээнүүдийг авж хэрэгжүүлсэн байна. Тус хотын агаарын бохирдолтой тэмцэх кампанит ажил НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн жишиг судалгаануудад бүртгэгджээ.
Гэсэн хэдий ч цаашид Бээжинд олон арга хэмжээг авж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд нийслэл хотын агаарын чанар намар болон өвлийн улиралд ноцтой хэмжээнд хүрдгийг Ю Жяньхуа онцолсон байна.
“PM2.5” гэдэг нь 2.5 микрометрээс жижиг хэмжээтэй тоосонцор бөгөөд нэг шоо метр агаар дахь уг тоосонцрын хэмжээ 10 микрограммаас хэтрэхгүй байх хэрэгтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг.
2018 онд Бээжин хотын нэг шоо метр агаарын “PM2.5” тоосонцрын дундаж хэмжээ 51 микрограмм байсныг 2017 оныхтой харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт болж байжээ.