"Apple" компани Хятадын тарифаас зайлсхийж шинэ "Mac Pro"-г АНУ-д үйлдвэрлэнэ
"Apple" компани Техасын Остин хотод "Mac Pro" ширээний компьютерийн шинэ загварыг үйлдвэрлэнэ гэж даваа гаригт мэдэгджээ.
"Apple"-ийн ихэнх бүтээгдэхүүнүүд, түүний дотор "iPhone" нь Хятадад үйлдвэрлэгддэг. Гэвч АНУ-ын тогтоосон тарифаас болоод өөрсдийн бүтээгдэхүүнээ Хятадаас импортлоход хүндрэл учирч байгаа учраас ийм шийдвэр гаргасан байна.
Дональд Трамп “Хэрэв БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй "Их 20"-ийн чуулганаар уулзах үеэр талууд худалдааны хэлэлцээрт хүрч чадахгүй бол БНХАУ-аас импортлох бүх бараа, бүтээгдэхүүнд тарифын арга хэмжээ авна” гэж анхааруулсан билээ. Үүний дотор “Apple”-ийн БНХАУ-аас импортлох “iPhone”, зөөврийн компьютерууд ч багтаж байгааг тэрбээр онцолжээ. Энэхүү мэдээллийн дараа “Apple”-ийн хувьцааны ханш унаад байна.
АНУесдүгээр сард БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортод 10 хувийн тариф ногдуулах үеэр энэ дүн ирэх нэгдүгээр сарын нэгнээс 25 хувь болж өснө гэж мэдэгдсэн юм. БНХАУ-ын талаас АНУ-ыг энэ шийдвэрээ буцаахыг хүссэн ч АНУ БНХАУ-ыг зах зээлээ илүү нээлттэй болгох шаардлагатай гэсэн байр сууриа хадгалсаар байна.
Түүнчлэн “Худалдааны дайн”-аас хохирол хүлээж буй АНУ-ын компаниуд үйлдвэрлэлээ дотоодод төвлөрүүлж, үйлдвэрүүдээ дотоодод барих хэрэгтэй гэж Дональд Трамп уриалжээ. Одоогоор АНУ БНХАУ-ын 250 тэрбум ам.долларын импортод, БНХАУ АНУ-ын 110 тэрбум ам.долларын импортод тариф ногдуулаад байгаа юм.
Шинжээчдийн дунд худалдааны маргаан удаан хугацаагаар үргэлжилж магадгүй гэсэн таамаг давамгайлж байна.