Өвлийн улиралд гэр бүлүүд антибиотикт өрхийн орлогынхоо 30 хувийг зарцуулж байна!
Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Түүнчлэн эмийг зохистой хэрэглэхийн тулд эмийн талаар мэдлэгтэй байх нь чухал.
Эм нь зөвхөн жороор олгодог аюултай бүтээгдэхүүн юм. Эмийг зохисгүй хэрэглэснээр эмийн хордлого, харшил, дархлаа сулрах мөөгөнцөр, эмийн дасал, ургийн гажиг зэрэг бусад олон төрлийн өвчнөөс гадна ирээдүй хойч үеийг мөхөөх хүртэл сөрөг үр дагавартай байдаг.
Ялангуяа хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан манай оронд ханиад томууны дэгдэлт маш ихээр нэмэгддэг. Ялангуяа үүний улмаас эцэг, эхчүүд хүүхдүүддээ дур мэдэн антибиотик өгөх нь бий. Угтаа бол антибиотик гэдэг нь хүний дархлааны системийг устгаж байдаг "хор" ажээ.
Мөн хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол нянгийн эсрэг эмүүдийн үнэд хууртах нь бий. Үнэтэй байх тусмаа хурдан эдгэнэ гэсэн ойлголтоор хамгийн хүчтэй эмийг нь авч хэрэглээд түүндээ дасал болж дараа нь ямар ч эмэнд эмчлэгдэхгүй нөхцөл байдалд ордог. Энэ бол тэр дундаа дөнгөж дархлааны систем нь бүрэлдэж байгаа хүүхдэд маш аюултай юм.
Өөрсдөө дур мэдэн эм ууснаас болж дараа нь ямар ч антибиотик уусан эмчлэгдэх боломжгүй болох аюул ойрхон иржээ. Сүүлийн үеийн судалгаагаар 2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа антибиотикт бүх нян тэсвэртэй болно гэсэн дүгнэлт гарсан учраас хүн төрөлхтөн ямар эмийг сонгож нянг эсэргүүцэх талаар одооноос ярьж эхэлж байна. Харин бид өнөө хороо хоол шиг хэрэглэсээр л байна.
Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ хамраас нус гоожингуут л антибиотик хэрэглэх биш дархлааг нь сайжруулж, вирусийн эсрэг эм хэрэглэх ёстой. Хүчтэй антибиотикийг аль болох битгий хэрэглэ. Хэрэв хэрэглэвэл эмчийн заасан цагт, тохирсон тунгаар нь уух хэрэгтэй. Эс бөгөөс та хүүхдээ хорлож байна гэдгээ ойлгох хэрэгтэй.
Мөн хүйтний улиралд гэр бүлүүд антибиотикт өрхийн орлогынхоо 30 хувийг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үнэндээ эмийг зохистой хэрэглэвэл эрүүл мэндээ хамгаалаад зогсохгүй эдийн засгийн хувьд ч хэмнэлт гаргаж болох юм.
Үүн дээр нэмээд эмэнд тэсвэртэй сүрьеэг дурдах хэрэгтэй. Сүүлийн 10 жилд эмэнд дасалтай сүрьеэ маш ихээр өсөж байна. Сүрьеэгээр өвдсөн хүмүүс хоёр жилийн турш маш хүчтэй химийн эмчилгээтэй төстэй 6000-10000 долларын өртөгтэй эм хэрэглэхэд хүрч байгаа бөгөөд эмийн зохисгүй хэрэглээ амь насанд эрсдэл үүсгэж байна. Учир нь 2040 онд бид настай болоод өвдгөндөө хагалгаа хийлгэх гэхээр үрэвслийн эсрэг хэрэглэх антибиотик байхгүй болох аюул нүүрлээд байгаа билээ.
Хэн ч ирээдүйд үр хүүхдээ ийм эрсдэлд оруулахыг хүсэхгүй нь мэдээж. Тэгвэл та яг одооноос бяцхан үрийнхээ цаашдын амьдралынх нь төлөө хариуцлагатай байх ёстой юм шүү.
Үүнээс гадна хүүхэд, том хүн гэлтгүй шаардлагатай тохиолдолд эмчийн жороор антибиотик ууж эхэлсэн л бол дундаас нь хаяж болохгүй. Үрэвсэл дарагдтал эмээ яг цагт нь ууж байх хэрэгтэй. Энэ нь антибиотикт дасал болох эрсдэлийг бууруулдаг аж. Хэрэв эм уух хугацаагаа гүйцээлгүй "Гайгүй болчихлоо" гээд хаявал та дараа нь тухайн антибиотиктоо дасал болох аюултай.
Орчин үед техник технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтний өвчин эмгэг, нян бактериуд ч шинэчлэгдэн хувьсаж байна. Тиймээс бид ч гэсэн сэтгэхүйгээ өөрчилж эрүүл мэндийнхээ төлөө эмийг хоол шиг хэрэглэхээ зогсоох цаг иржээ.
Э.Анударь
Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.