АНУ-ын Нью Йорк хотын хүүхэд залуус өнөөдөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Ирээдүйн төлөөх баасан гариг” чуулганаа хийх гэж /Нью Йоркод баасан гариг болоогүй байгаа/ байна.
Тэгвэл Нью Йоркт чуулган хараахан эхлээгүй байгаа ч наран ургах дорно зүгт байрлалтай буюу Ази, Номхон далайн Австрали тэргүүтэй бусад улсууд эхнээсээ энэ хөдөлгөөнд нэгдэж, байгаль хамгаалахыг уриалж байна. Энэ бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр хохирч буй арал улсууд олноороо байдаг бөгөөд эдгээр улсын хүүхэд залуу ч хөдөлгөөнд идэвхитэй нэгдэж байгаа юм.
Есдүгээр сарын 20-нд буюу өнөөдөр нийт 160 гаруй улсад өсвөр үе залуучууд байгаль хамгаалах хөдөлгөөнд нэгдэн, жагсаал, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохын тулд хичээл хаяж байгаа ажээ.
Нью Йоркт болох чуулганыг “Ирээдүйн төлөөх баасан гариг” байгаль хамгаалах хөдөлгөөнийг санаачлагч, Шведийн нийгмийн идэвхтэн, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг тэргүүлж байгаа бөгөөд тэрээр энэхүү чуулганд оролцохын тулд Европоос дарвуулт хөлгөөр Атлантын далайг туулан Нью Йорк ирсэн юм.Тунберг холын аяндаа Монакогийн дарвуулт завины клубт харьяаллагддаг Мализия II хөлгийг сонгосон бөгөөд өндөр хурдны уг завь 18 метр урт, дэлхийг тойрох аялалд зориулан бүтээсэн аж.
Тунберг байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг тул онгоцоор нисэхээс татгалздаг юм.Түүний АНУ-д ирсэн бас нэг зорилго бол НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн талаархи дээд хэмжээний уулзалтад оролцох явдал бөгөөд энэ уулзалт есдүгээр сарын 23-нд Нью-Йорк хотноо эхэлнэ.
Гретагийн эхлүүлсэн “Friday for future” буюу “Ирээдүйн төлөөх баасан гариг” хөдөлгөөн өнөөдөр хүчээ авч, дэлхийн 160 гаруй орны хэдэн арван мянган сурагч түүнтэй нэгдэн сонгогдсон баасан гаригт хичээлээ хаян, цаг уурын өөрчлөлтийн эсрэг жагсаалд нэгдээд байгаа билээ.