"Daimler" компани 1.5 сая ам.долларын үнэтэй "Mercedes-Maybach G 650 Landaulet" жийпийг худалдаанд гаргажээ
"Mercedes Benz" компани удтал хүлээлгэсэн "Maybach G 650 Landaulet" загварын SUV жийпээ худалдаанд гаргажээ. Тэд Maybach загварыг өөрсдийн хамгийн том люкс жийп "GLS" загвар дээр суурилан бүтээсэн аж.
Дотор салоны хувьд "Maybach S650" седан загвараас санаа авч, түүний элементүүдийг ашиглах бөгөөд гадна талдаа өвөрмөц урд нүүр, их гэрэл болон хойд гэрэл зэрэг зүйлсээр ялгарах аж.
Өнгөрсөн оны 11 сард болсон Лос Анжелесийн авто шоунд танилцуулагдсан тус загвар нь V12 хөдөлгүүртэй, ердөө 99 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд үнэ нь 1.5 сая ам.доллараас эхэлж байгаа аж. "Maybach" нь 1968 оноос эхлэн үйлдвэрлэгдэж эхэлсэн тансаг зэрэглэлийн автомашины брэнд бөгөөд 2002 онд германы "Mercedes" брэнд францын "Maybach" компанийг худалдаж авсны дараа нэрээ "Mercedes-Maybach" болгон өөрчилсөн байна. Тэр цагаас хойш "Mercedes-Maybach" нь цөөн тооны тансаг зэрэглэлийн суудлын машин үйлдвэрлэдгээрээ нэрд гарч эхэлсэн байдаг. Тэд хамгийн сүүлд "S650" загварын жийп гаргасан нь олны талархалыг хүлээсэн билээ.
"G 650" нь үндсэндээ алдарт "Mercedes-Maybach" брэндийн "G-Wagen" цувралын анхны бартаат замын хувилбар юм.
"G 650"-ийн их бие нь "G-Wagen"-ээс 58 cм-ээр урт юм. Энэ машин нь дөрвөн зорчигчийн багтаамжаас их зайтай тул арын байшин нь тугалын арьс бүхий эвхэгддэг дээвэртэй гэнэ. Товчин дээр ганц дарахад л арын хэсэг нь том эвхэгддэг дээвэр бууна.
Мөн арын суудлууд нь өөрийн гэсэн массажны аппараттай бөгөөд суудлуудын хооронд тусгай аяганы тавиур байдаг аж. Эдгээр нь ундаагаа хөргөх, халаах боломжийг танд олгоно.
"G 650" загварын нийт жин хоёр тонн бөгөөд худалдан авагч нар хар, ногоон, улаан, цэнхэр гэсэн 4 өнгөөс сонгох боломжтой ажээ. Мөн хүсвэл тусгай захиалга нэмэлт төлбөрөөр өгөн өөрийн загвараа дуртай өнгөөрөө будуулж болох юм.
"G 650" Landaulet" нь 630 морины хүчтэй, 180 км/цаг хүртэл хурдлах чадалтай ихэр турбин бүхий V12 хөдөлгүүртэй бөгөөд үүнээс илүү хүчтэй хөдөлгүүр зах зээл дээр байхгүй гэж компанийн төлөөлөгчид мэдэгджээ. Мэдээж ийм хөдөлгүүрээр 180 км/цагаас илүү хурдлах боломжтой ч аюулгүй байдлыг хангах үүднээс хурдны дээд хэмжээг ийм хэмжээнд түгжсэн гэнэ.