Дуучин Б.Амархүүг машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилжээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 19-20 нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү өөрийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилсан байна. Яг одоо хар тамхитай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлсэн бөгөөд автомашин болон гэрт нь нэгжлэг хийсэн байна. Тодруулбал, түүнийг амьдардаг зочид буудлынхаа гадаа өөрийн эзэмшлийн улаан өнгийн "Mersedes Benz" маркийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байх үед нь саатуулсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Дашрамд сонирхуулахад дуучин Б.Амархүү нь хар тамхины эсрэг залуусын дуу хоолой болж байсан нэгэн бөгөөд өөрөө ийнхүү хар тамхи хэрэглэсэн байдалтай баривчлагдлаа. Өнгөрсөн оны 11-р сард Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нар сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан бөгөөд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан. Тэгвэл Энэ оны эхээр Сүхбаатар дүүргийн шүүхээс Б.Амархүү Б.Гандаваа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэрийг гаргаж байжээ.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хяналт, шалгалтын ажил улс орон даяар хийгдэж байна.