Бүсгүйчүүд ялдам төрхтэй болохын тулд гоо сайхны хагалгаа хийлгэж эхэлжээ
Таныг зүв зүгээр байхад хэн нэгэн “Чи ууртай байгаа юм уу?”, “Ямар нэгэн зүйл болохгүй байна уу?”, “Би чамайг гомдоочихсон уу?” гэх зэрэг асуултууд асуудаг уу... Хэрвээ тийм бол та угаас дүнсгэр, ууртай, хүйтэн төрхтэй юм байна. "Resting bitch face" гэх албан ёсны нэршилтэй энэ асуудал нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд, цөөн тохиолдолд эрчүүдэд тулгардаг асуудал бөгөөд тэд хэчнээн тайван байсан ч гаднаа ууртай, сэтгэлээр унасан, аз жаргалгүй харагддаг.
Тэгвэл төрөлхийн хүйтэн төрхөө арилгаж, ялдамхан царайтай болохыг хүссэн эмэгтэйчүүд гоо сайхны хагалгааны тусламжтай байнгын мишээлттэй төрх үүсгэх арга сэдсэн байна.
Ингэхдээ тэд уруул болоод хацарны зарим хэсгүүдэд ботокс шахан хөдөлгөөнгүй болгодог бөгөөд үр дүнд нь төрөлхийн гэмээр ялдам төрхтэй болдог ажээ.
Одоогийн байдлаар энэхүү хагалгаа нь 500-5000 ам.долларын өртөгтэй хийгддэг бөгөөд нэг хийсэн байхад 2 жил хүртэлх хугацаанд хэлбэрээ алддаггүй ажээ.
Нэгэн үйлчлүүлэгч 42 настай эмэгтэй "Хагалгаа хийлгэхээс өмнө хүмүүс надтай нэг л хүйтэн харьцдаг байлаа. Би удаан бодсоны эцэст миний нүүр хэтэрхий унжуу болохоор өөрийн эрхгүй муухай царай гаргадгаа ойлгосон юм. Хагалгаа хийлгэсний дараа харин танихгүй хүмүүс хүртэл надтай эелдэг харьцах болсон." гэж хэлсэн байна.