5G сүлжээг дэмждэг ухаалаг утаснууд Хятадад худалдаанд гарч эхэллээ
Хятад дахь ухаалаг гар утас үйлдвэрлэгчид өнгөрсөн долоо хоногоос эхлэн 5G сүлжээтэй гар утас худалдаалж эхэлжээ. Гэхдээ одоогийн байдлаар дэлхийн хаана ч 5G сүлжээ цацагдаж эхлээгүй учраас энэхүү үйлдэл нь олныг гайхшруулж байгаа юм. Тэгвэл судлаачид Хятадад сүүлийн саруудад ухаалаг гар утасны эрэлт буурч байгаа тул томоохон үйлдвэрлэгчид 5G утсыг ашиглан хэрэглэгчдийг эргүүлэн татахыг оролдож байж магадгүй хэмээн үзжээ.
Тус улсын хамгийн том хотуудын нэг болох Гуанжоу дахь "Vivo" дэлгүүр өнгөрсөн долоо хоногт тус компани анхны 5G загвараа худалдаанд гаргасан аж. Одоогийн байдлаар тус утаснууд эрэлт сайтай байгаа ч энэ байдал хэр удаан үргэлжлэх нь тодорхой бус байна. Мөн тус хотын өөр хэсэгт байрлах "Huawei Technologies" худалдааны төв 9-р сарын 16-ны өдөр 5G утас худалдаанд гаргасан бөгөөд худалдан авагч нар урт дараалал үүсгэн тус утсыг худалдан авч байжээ. Гэвч хэрэглэгч нар одоогийн байдлаар 5G сүлжээнд холбогдох боломжгүй байгаа учраас сэтгэл дундуур байгаа гэнэ.
"China Mobile" болон бусад харилцаа холбооны компаниуд 5G сүлжээг үүсгэх дэд бүтцийг бий болгоход ихээхэн бэрхшээлтэй тулгарч байгаач энэ оны эцэс гэхэд 5G сүлжээг Хятадын томоохон хотуудад ашиглалтад оруулах төлөвтэй байна. 5G нь 4G-ээс дор хаяж 20 дахин хурдтай байна гэж сурталчлагдсан боловч үүнийг туршиж үзэх боломжгүй тул хэрэглэгчид гар утсаа шинэчлэх гэж яарахаа больжээ.
"Олон хэрэглэгчид 4G-д сэтгэл хангалуун байдаг. Мөн оны эцэст 5G гар утас нь Хятад ухаалаг гар утасны зах зээлийн дөнгөж 1 хувийг эзлэх төлөвтэй байгаа. Энэ байдлаар 2023 онд л хүмүүс 5G-рүү бүрэн шилжиж дуусах болно" гэж Хятад дахь судалгааны байгууллага "Askci Consulting"-ийн шинжээч хэлэв.