Хэрэг хуучирдаггүйн учир буюу нэхэн тоолох хугацаа
Нэг. Дэлхий нягтарч байна.
Хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдсэн соёлын талаарх олон янзын ангилал, хандлага ажиглагдана.
Дорнын, өрнийн, нүүдлийн, суурин иргэншлийн, язгууртны, мэргэшлийн, үйлчилгээний замын хөдөлгөөний, сэтгэлгээний гэх мэт. Эдгээрийн зарим нь хэдэн мянганы тэртээгээс улбаатай бол нөгөө хэсэг нь ердөө 100 хүрэхгүй жилийн өмнө үүссэн гэх.
Эдгээр нь уг чанартаа нийгэм дэх үзэл бодлоороо ялгарсан олон янзын бүлгүүдийг нэг цэгт ойлголцуулах зорилготой нь улам тодорсоор байна.
Байгалиа аргадаж, улирлын онцлогийг аж төрөх ёсныхоо хэв маягт тохируулан зохицох нь нүүдэлчдийн соёлд түлхүү анзаарагдана. Өдөр шөнийн үргэлжлэх хугацаагаар баримжаа авч, нар сарны зохицолдлогоор аж төрсөөр ирсэн тэдэнд өглөө, өдөр, орой, шөнө гэх нарны баримжаа бүхий хугацааны тоолуур хэрэглэгдэнэ. Тэнд байгалийн үзэгдэл, түүнийг давах хүний ухаан хоёр л хууль. Тиймээс бусадтай зөвших зав ч үгүй, бусдын үйлдэл ч падгүй. Өнгөрснийг ул болсон гэх хандлага ч түгээмэл.
Харин өөр нэг хэсэг нь хамтын хөдөлмөр, түүний үр шимд тал өгч аж төрнө. Хэсгийн, бүлгийн, хувь хүний сонирхол бүгд өөр өөр боловч аж төрөх ёсны үндсэн нэг дүрмийг чухалчилсан нь амьдрах цор ганц үндэс гэдгийг ойлгоцгоосон. Бүгд өөрийн үүрэгтэй, бас дүрэмтэй, бүхэлдээ нарийн төлөвлөгөө, зохион байгуулалттай.
Хүний эрхийг хэн нэгэн тогтоож өгөх бус харин нийтээрээ хүлээн зөвшөөрөх хандлага нь эцэстээ хувьсгалын хэлбэрт шилжиж, суурин ч бай нүүдлийн ч бай аль ч соёлтой байсан сүүлийн 300-аад жил хүн төрөлхтөн энэ л замаар явж иржээ. Үүний үрээр ХХ зууны эхэнд Үндсэн хуулиар засагласан улс цөөн байсан бол харин өнөөдөр Үндсэн хуулиар засаглаагүй улс цөөхөн хэд болж үлджээ. Төр засгийн эрх ард түмний эрхээр хязгаарлагдаж, төрийн үйл хэрэг хуулийн рамнаас сөөм ч цухуйж болохгүй гэх хатуу дүрэмтэй. Энд өнгөрснийг сургамж, ирээдүйг боломж гэж үнэлнэ. Эцэстээ, дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөө гэх ойлголт, тодорхойлолт нэг агуулгатай болсноор дэлхийн улс орнууд онцлог ялгаагаа хадгалсан нэг цул болон нягтарч байна. Хууль ч адил, түүн дэх хугацаа ч адил.
Бид ч бас тэнд л яваа гэж харагдана.
Хоёр. Нэхэн тоолох хугацаа буюу алдаа хүлээн зөвшөөрөгдөх үзэл
Үзэл бодлоороо нягтарсан хүн төрөлхтөний хууль, дүрэм ч бас ойртон ижилсэх хандлага ажиглагдана. Юуг хүлээн зөвшөөрөх, алийг эс хүлээн зөвшөөрөх нь хүртэл ижилсэж байна.
Нэгэнт ард түмнээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, Үндсэн хуулиараа баталгаажсан эрх, тогтолцоо, схем, зохион байгуулалтыг хамгаалах, хадгалах нь нэн тэргүүний зорилт. Ялангуяа эрүүгийн хууль тогтоомжоор энэхүү байдлаа хадгалах нь чухалд тооцогдсоор байна.
Хамгаалах, хадгалахын учир нь хувьсгалаар бүтсэн түүхэн зөвшилцөл, хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг үргэлжлүүлэхэд оршино. Энэ байдал нь дэлхий нийтийн ойлголтоос гадна шинжлэх ухааны судлагдахуун болтлоо хөгжсөөр ирсэн байна. Гэхдээ тэнд онцлох нэг л зүйл байна. Тэр нь нэхэн тоолох хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацааны тухай асуудал.
Нийгмийн аливаа үзэгдэл, харилцаанд үр дагавар нь сарних, ач холбогдол нь буурах явдал оршсоор ирсэн, одоо ч тийм л байна. Баялагийн баримжаа бүхий худалдаа-арилжаа-бизнесийн салбарт ашиг, алдагдлыг хуваах, нэхэмжлэх эрх тодорхой хугацаагаар хэмжигдэх, төр, засгийн байгууллагаас гаргасан шийдвэрийг тогтоосон хугацаанд хууль бус гэж үзэж нэхэмжлээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцох журам дэлхий дахинаа үйлчилж байна. Манайд ч адил.
Үүний нэгэн адил гэмт хэргийг тодорхой хугацаанд илрүүлж, шийдэж чадаагүй бол гэмт хэрэгтнийг гэм буруугүйд тооцож, ял шийтгэдэггүй зарчим дэлхийн хаана ч түгээмэл. Дээрхээс ялгаатай нь гэм буруугүйд тооцсон ч учирсан хохирлыг нь барагдуулж дуусгадагт оршино. Ямар ч утгаараа гэм буруутай этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх, хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх ажиллагаа нь хуульд заасан хугацааны дотор явагдах учиртай.
Хохирогч болон олон нийтийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлж, түүнд хариуцлага хүлээлгэхийг хуулийн байгууллагаас шаардах нь зүй ёсны хэрэг юм. Гэвч цаг хугацааны дараа тухайн хэргийн улмаас бий болсон айдас хүйдэс, таарамжгүй дурсамж багасч, хохирогчийн зүгээс гэм буруутай хүнийг уучлах, учирсан хор уршгийг мартах хандлага бий болдог. Нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүн хөөн хэлэлцэх хугацааны дотор дахин гэмт хэрэг үйлдээгүй бол түүнийг гэм буруугаа ойлгож ухаарсан, нийгэмд аюулгүй болсон гэж үзэж болно.
Гэмт хэргийн төрлөөс хамааран хөөн хэлэлцэх хугацааг ямар хэмжээтэй тогтоох нь тухайн улсын төрийн бодлого, Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, эрх зүйн уламжлалаас шууд хамааралтай.
Жишээ нь, ОХУ-ын Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэнээс хойш анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор, харин ХБНГУ-д гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх хүртэл тоолохоор хуульчилжээ.
Монгол Улсын 1986 оны болон 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хэмээн хуульчилж, хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тоолж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэж ирсэн хууль хэрэглээний уламжлал бий.
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор тогтоосон нь өмнөх Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх уламжлалт зохицуулалтыг агуулгын хувьд хэвээр үргэлжлүүлэн хэрэглэж байна. Гэхдээ 2015 оны Эрүүгийн хуульд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа” гэсэн нэр томьёог шинээр хуульчилсан бөгөөд 1963, 1986 оны Эрүүгийн хуульд тусгагдсан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь богино /хөнгөрсөн/ хуульчлагджээ.
Нөгөөтэйгүүр уг хуульд зөвхөн торгох ялтай буюу хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь орхигдсоноос гадна зорчих эрхийг хязгаарлах ялтай гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь тодорхойгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэргийн ангиллыг үл харгалзан тогтоосон нь зарим хийдэл, зөрчил, ойлгомжгүй байдлыг үүсгэсэн, гэмт хэргийн ангиллыг ач холбогдолгүй болгосон зэрэг бодитой шүүмжлэлийг мэргэжлийн хүмүүс нь өгүүлсээр байна.
Байдал ийм байхад асуудлын гол нь хөөн хэлэлцэх хугацаагаар шалтаглан гэмт этгээдүүдийг сулласаар байх нь төрийн бодлого уу? Хууль шүүхийн сонирхол уу? гэдэг нь анхаарал татна.
Нэгэнт илэрсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хаана хамгийн ихээр “барж” байгаа нь сонирхолтой. Нотлох баримтыг цуглуулах, түүнд холбогдох ажиллагааг гүйцэтгэх хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албанд уу?, эсхүл уг ажиллагаанд хяналт тавих прокурорын шатанд уу?, аль эсхүл шүүхэд үү?
Энэ асуултад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааны талаарх зохицуулалт тодорхой хариулт байж болмоор. Жишээ дурьдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 30.12 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш нэг сар байна.” гээд мөн зүйлийн 3-т “Хэрэг бүртгэлтийн хугацааг прокурор тухай бүр гурван сар хүртэл хугацаагаар сунгаж болно.” гэсэн байх бөгөөд прокуророос хугацааг сунгах хязгаарлалт тогтоогоогүй байна.
Тэгвэл уг хуулийн 31.13 дугаар зүйлийн 3-т “Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн мөрдөн байцаалтыг 14 хоног, хүнд гэмт хэргийн мөрдөн байцаалтыг нэг сарын дотор явуулж дуусгана” гээд эдгээр хугацааг мөн зүйлийн 4.1-4.4-т зааснаар шат шатны прокурорууд 16 сар хүртэл хугацаагаар сунгаж болохоор хуульчилжээ.
Харин уг хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1-т “Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно” гэх тун богино, шуурхай хугацаа тавигджээ.
Шүүхэд энэ хугацааг тогтоож өгөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2-т анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх хугацааг “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг гурваас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэсэн бол мөн хуулийн 39.2 дугаар зүйлд давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хугацааг “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хавтаст хэргийн материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ. Ерөнхий шүүгч хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэжээ.
Эцэст нь, дээрх хуулийн 40.3 дугаар зүйлд хяналтын шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн нь шүүгчийн саналыг харгалзан нэг удаа сунгаж болохоор тус тус хуульчлагджээ. Эдгээр нь зөвхөн хуульд заасан нийтлэг хугацаа юм.
Харин одоо эрэн сурвалжлах мэдээлэлд тулгуурлан баримт түшье. Энэ баримт маань зөвхөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйл /хүний эрүүл мэндэд хохирол учруулах/-д заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд холбогдох факт бөгөөд доор дурьдан буй гэмт хэрэгт холбогдогч нар бүгд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээгүй болно.
Тухайлбал,
-Д, Ө нар нь 2017.08.01-ний өдөр гэмт хэрэг үйлдэж тэдгээрт 2017.08.06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын шатанд 283 хоног, прокурорын шатанд 21 хоног, шүүхийн шатанд 58 хоногийг;
-Ж, Х нар нь 2017.07-30.ны өдөр гэмт хэрэг үйлдэж тэдгээрт 2017.08.05-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын шатанд 352 хоног, прокурорын шатанд 4 хоног, шүүхийн шатанд 10 хоногийг;
-М, Т нар нь 2017.07.20.ны өдөр гэмт хэрэг үйлдэж тэдгээрт 2017.07.25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын шатанд 203 хоног, прокурорын шатанд 89 хоног, шүүхийн шатанд 103 хоногийг;
-Ж нь 2017.10.06.ны өдөр гэмт хэрэг үйлдэж түүнд 2017.10.11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын шатанд 368 хоног, прокурорын шатанд 8 хоног, шүүхийн шатанд 30 хоногийг;
-Б, С нар нь 2017.04.27-ны өдөр гэмт хэрэг үйлдэж тэдгээрт 2017.05.22-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын шатанд 134 хоног, прокурорын шатанд 69 хоног, шүүхийн шатанд 54 хоногийг тус тус зарцуулж дээрх этгээдүүд нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр бүгдээрээ эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байна.
Байдал ийм л байна. Хуульд өөрчлөлт орохгүйгээр, хуулийн байгууллагууд үйл ажиллагаандаа дорвитой арга хэмжээ авахгүй цагт байдал цаашид ийм л байсаар байна. Хэдийгээр цаг хугацаа бүхний хэмжүүр, шалгуур боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар бүх хэргийн хохирогчдын эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол, хар толбо нөхөгдөхөд эргэлзээтэй.
Бид дараагийнхаа цувралаар албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар баримт түших болно.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин