"Windows 10"-ийн шинэчлэлт хийсэн комьпютерүүд интернетэд холбогдох боломжгүй болжээ
“Microsoft” компани системийн шинэчлэлт хийсэн “Windows 10” үйлдлийн системд доголдол үүсч байгааг хүлээн зөвшөөрчээ.
Хамгийн сүүлийн шинэчлэл нь өмнөх алдаануудыг засахаасаа илүү асуудал үүсгэж байгаа талаар олон сая хэрэглэгчид гомдоллосоны дараа тэд ийнхүү хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, энэ сард гарсан “update”-д төв процессорын үйл ажиллагааг түргэсгэнэ гэж мэдээлсэн ч “Windows 10” үйлдлийн системийн хайлт, “start” цэс болон USB холболт, дууны асуудлууд гарсаар байгаа юм байна.
Үүнээс гадна интернэт холболт саатаж байгаа талаар хэрэглэгчид гомдолложээ. Үүссэн асуудлуудын талаар “Windows 10” хэрэглэгчдийн форум болон нийгмийн сүлжээ сайтуудад санал гомдол тасрахгүй байгаа аж. “Update” хийснээр асуудалд өртсөн хэрэглэгчид “Intel”-ийн чип хэрэглэж байгаа нь тогтоогдсон байна. Улмаар тэдний суурин болон утасгүй интернетийн холболтод нь асуудал үүсжээ. “Microsoft” компани үйлдлийн системийн доголдолтой холбоотой мэдээллийг сайтдаа байршуулснаас гадна дараагийн шинэчлэлд алдаануудыг засна гэж мэдэгджээ.