Билл Гэйтс энэ онд 35 тэрбум ам.долларын хандив өгсөн ч хувийн хөрөнгө нь буурсангүй
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гэйтс "Microsoft" компанийн хувьцааныхаа 15 хувийг буюу нийт 35 тэрбум ам.доллартай тэнцэх хэмээний хөрөнгийг олон тооны сайн үйлсийн байгууллагуудад хандивлажээ. Одоогоор яг ямар зорилгоор хандивлаж байгаа нь тодорхойгүй байгаа боловч тэрбумтан эр өөрийн болон эхнэрийнхээ хамт үүсгэн байгуулсан "Bill & Melinda Gates" буяны сангаар дамжуулан ихэнхийг нь тараахаа мэдэгдсэн байна
Гэхдээ Билл Гэйтсийн хувьд энэ нь хамгийн их мөнгө хандивласан тохиолдол биш юм. Тэрбээр өмнө нь 1999 онд 16 тэрбумыг, дараа жил нь 5.1 тэрбумыг буяны санд өгч байсан түүхтэй. Хэдийгээр асар их хэмжээний мөнгийг "Зүгээр явуулчихсан" ч Америк тэрбумтны хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт ороогүй бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг хэвээрээ үлдсэн байна. Тэрбээр "Амазон"-ы эзэн Жефф Безосын ард 105 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн баян хүний жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байгаа аж.
Билл энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Ноён Билл Гэйтс "Bill & Melinda Gates" санд 1994 оноос хойш 85 тэрбум ам.долларыг хандивласан гэсэн баримт бий.