Лхагва гарагт БНСУ худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа Япон улсыг албан ёсоор хассан талаар БНСУ-ын Худалдааны яам мэдээлжээ. Ингэснээр эрт үеэс үүдэлтэй хоёр орны худалдааны маргаан улам даамжрах төлөвтэй байна.
"БНСУ-ын компаниуд Японд стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх зөвшөөрөл авахын тулд гурван бичиг баримт бүрдүүлдэг байсан бол одоо тавыг бүрдүүлэх шаардлагатай болсны зэрэгцээ уг зөвшөөрлийн шийдэгдэх хугацаа 5 хоног байсан нь 15 орчим хоног болсон" гэж Худалдааны яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Япон өнгөрсөн долдугаар сараас БНСУ-ын аж үйлдвэрийн гурван чухал материалын экспортыг хязгаарлаж, өнгөрсөн сарын сүүлээр БНСУ-ыг худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа хассан юм.
Үүнээс гадна БНСУ өнгөрсөн долоо хоногт Японы экспортын хязгаарлалтын талаар Дэлхийн худалдааны байгууллагад гомдол мэдүүлсэн хэдий ч уг баримт бичигт Япон худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа БНСУ-г хассан талаар дурдаагүй байжээ.
Өнгөрсөн онд Сөүлийн шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын иргэдэд олгохыг Японы фирмүүдээс шаардсанаас болж Япон хариу арга хэмжээ авч байна гэж олон нийт үзэж байгаа аж.
Харин Японы засаг захиргаа шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үздэг байна.