Ипотекийн хөтөлбөрт энэ онд нийт 430 тэрбум төгрөг олгоно
2019 оны эхний найман сарын байдлаар Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтран ипотекийн хөтөлбөрийн хүрээнд 283 тэрбум төгрөгийг нийт 4000 орчим зээлдэгчдэд олгожээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 100 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна. Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа шинэчилсэн бүтцээр энэ оны нийт санхүүжилт 430 орчим тэрбум төгрөгт хүрэх тооцоо байгааг тус банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байсан. Ингэснээр нийт санхүүжилтийн хэмжээ 1.5 дахин, зээлдэгчийн тоо 2 дахин өсөх хүлээлт байгаа юм.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанкийг ипотекийн хөтөлбөрөөс 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс гарах шаардлагыг тавиад буй. Уг шаардлагыг 2017 оноос хойш асуулт тавьж байсан ч Монголбанкны зүгээс хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлэх хувь нэмрийг харгалзан үзэж, хөтөлбөрөөс гарах хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хойшлуулаад байсан билээ. Үүний дагуу Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар ипотекийн хөтөлбөрөөс гарах төлөвлөгөө батлагдсан бөгөөд бэлтгэл ажлууд хийгдэж байгаа ажээ.