АНУ-ын экс тагнуулч Эдуард Сноуден Францын ерөнхийлөгчөөс улс төрийн орогнол хүсчээ
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн хуучин ажилтан Эдвард Сноуден Францын ерөнхийлөгч Эммануэль Макроноос улс төрийн орогнол хүсчээ.
Эдвард Сноуден нь Пентагоны харъяa тагнуулын компанийн экс ажилтан бөгөөд 2007 оноос хойш АНУ-ын тусгай алба иргэдийн утасны яриа, мэйл, нийгмийн сүлжээний сайтуудыг тагнах ажиллагаа явуулдаг тухай нууц мэдээллийг дэлгэж, дэлхий даяар шуугиан тарьсан нэгэн юм. Түүнчлэн АНУ-ын аюулгүй байдлын нууц агентлаг NSA Вашингтон болон Нью-Йоркод байрлах Европын холбооны төлөөлөгчийн газруудыг танддаг тухай мэдээллийг ч задруулсан билээ.
Тэрбээр сүүлийн 2013 онд нууц материалуудыг задруулсныхаа дараа Орос улс руу дүрвэж тэндээ ажиллаж амьдарч байгаа боловч удахгүй тус оронд байх хугацаа нь дуусах юм байна.
Сноуден Францын Интер телевизэд өгсөн ярилцлагадаа "Нийгэмд шүгэл үлээгчдийг хамгаалах нь дайсагнасан үйлдэл биш" хэмээн мэдэгдэж, Франц улсаас улс төрийн орогнол авах эрхтэй гэдгээ хэлсэн байна.
Сноуден 2013 онд мөн тухайн үед Францын ерөнхийлөгч байсан Франсуа Олландаас улс төрийн орогнол хүсч байжээ.
Францын ерөнхийлөгч энэ талаар мэдэгдэл хийгээгүй байна.