Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгсөн билээ.
Тэгвэл Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалчуулагчаар Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилохоор болжээ. Тэрбээр өмнө жүдогийн шигшээ багийг дасгалжуулж байсан туршлагатай.
Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох түүнд санал тавьсны дагуу 2006 онд шигшээ багийн туслах дасгалжуулагчаар томилогдон, Н.Түвшинбаярыг олимпын анхны аварга болгож, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн гавьяатан.
Хос Гавьяат цолтой Монголын хоёрхон эрхмийн нэг (нөгөөх нь З.Дүвчин) тэрбээр 2011 оны Парисын ДАШТ-ий дараа шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдсөн.
Түүнээс хойш БНХАУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад хоёр жилийн өмнө эх орондоо ирсэн юм.
ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяагийн хань Х.Болдбаатар өнөөдөр Хөдөлмөрийн баатар О.Балжинням аваргаас ажлаа хүлээн авах гэнэ.
Х.Болдбаатар шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон тул 2020 оны Токиогийн олимп хүртэл хамт ажиллах туслах дасгалжуулагчдаа өөрөө бүрдүүлнэ.