Саудын Арабын газрын тосны байгууламжид халдлага гарсны дараа газрын тосны үнэ 10 хувиар өслөө
Бямба гарагт Саудын Арабын газрын тосны хоёр байгууламж дроны дайралтад өртсөний дараа дэлхий нийтийн зах зээлд нийлүүлэлт тасалдахаас болгоомжилсон арга хэмжээ авагдаж, улмаар газрын тосны үнэ 5-р сараас хойш хамгийн өндөр төвшинд хүрснийг "Ройтерс" мэдээлжээ.
Олон улсын стандарт болох "Brent" маркийн түүхий газрын тосны үнэ баасан гарагт баррель нь 7.06 ам.доллар буюу 11.7 хувиар өсөж, 67.28 ам.доллар болсон байна.
Түүнчлэн Америкийн "West Texas Intermediate" (WTI) -ийн фьючерс баррель нь 5.76 ам.доллар буюу 10.5 хувиар өсөж 60.60 доллар болоод байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын байгууламжид халдсантай холбогдуулан тогтоосон хэмжээгээр шаардлагатай бол АНУ-ын Стратегийн газрын тосны нөөцөөс (SPR) нефть гаргахыг зөвшөөрөв гэж мэдэгдсэний дараа үнэ дээд цэгтээ хүрчээ.
Гэхдээ Саудын Арабын газрын тосны экспорт энэ долоо хоногт хэвийн үргэлжлэх болно гэж салбарын томоохон эх сурвалжууд ням гарагт мэдээлсэн байна.
АНУ-ын нэгэн өндөр албан тушаалтны хэлснээр Саудын Арабын газрын тосны үйлдвэрлэлийн зүрхэнд, тэр дундаа дэлхийн хамгийн том нефть боловсруулах үйлдвэрт гарсан халдлага Ираны зүгээс ирсэн бөгөөд тэд дундын зайн пуужин ашигласан байж болзошгүй аж.
Трамп мөн АНУ Саудын Арабын газрын тосны байгууламжид халдсантай холбогдуулан хариу арга хэмжээ авахад бэлэн болсноо мэдэгджээ.