Осама Бин Ладены хүү нууц ажиллагааны үеэр алагдсан болохыг Цагаан ордноос батлав
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Афганистан, Пакистаны газар нутаг дээр явагдсан алан хядагчидтай тэмцэх нууц ажиллагааны үеэр Аль-Кайда бүлэглэлийн удирдагч байсан Осама бин Ладены хүү Хамза бин Ладен алагдсан болно" хэмээн мэдэгдсэнийг "Sky News" мэдээлжээ.
Ерөнхийлөгч Трамп “Хамзагийн алагдсан явдал нь Аль-Кайда бүлэглэлийн бүтэц зохион байгуулалт болоод үйл ажиллагааны чадавхид том цохилт үзүүлэх болно” гэж нэмж хэлжээ. Гэхдээ одоогийн байдлаар АНУ-ын талаас яг хэзээ хаана Хамза алагдсан болохыг мэдээлээгүй байна. Өнгөрсөн 7-р сард нэгэн нэрээ нууцалсан АНУ-ын Тагнуулын Төв Газарын ажилтан "Washington Post" сонинд ярилцлага өгөхдөө "Хамзагийн байршлыг сүүлийн 2 жилийн турш уйгагүй хөдөлмөрлсөний эцэст илрүүлсэн. Удахгүй арга хэмжээ авах болно" хэмээн дурьдаж байжээ.
Хамза 2015 оны 8-р сард “Аль-Кайда” бүлэглэлд албан ёсоор элсэж, тус байгууллагын гишүүдэд барууны орнуудад халдлага хийхийг зааварлаж байсан бөгөөд “эцгийг нь хөнөөсөн АНУ-аас өшөөгөө авна” хэмээн мэдэгдэж байсан юм. 2017 оны эхээр АНУ Хамзаг дэлхийн хэмжээний террорист этгээд хэмээн зарлаж, эрэн сурвалжилж эхэлжээ.