Азийн клубүүдийн 3х3 сагсан бөмбөгийн АШТ-ээс алт, мөнгөн медаль хүртжээ
Мальдив улсад болсон Азийн клубүүдийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид өчигдөр эх орондоо иржээ.
Тус тэмцээнд Архангай “АДМ Тайхар” баг амжилттай оролцож алтан медаль хүртсэн бол “Улаанбаатар Амазонс” / эмэгтэй баг/ мөнгөн медалийн эзэд болсон байна. Энэ удаагийн Азийн клубүүдийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 15 улсын 16 баг, эмэгтэй 11 улсын 12 баг оролцжээ. Манай Тайхар баг хэсэгтээ нэг хожигдсон ч хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарч улмаар бүх өрсөлдөгчдөө илүүрхэн хожсоор аваргаар шалгарсан байна. Харин “Улаанбаатар Амазонс” баг хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарч Азийн тивийн аваргын мөнгөн медальт Казакстан, дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй БНХАУ-ын багийг буулган авсан ч Тайванийн багт хожигдож мөнгөн медаль хүртжээ.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг